Нийслэлийн хэрэгцээнд 21 мянган тонн мах нөөцөлнө

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-09-17 17:29:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийнхний хэрэгцээнд энэ жил 21 мянган тонн мах бэлтгэж нөөцөлнө. 

Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр өнөөдөр мэдээллээ. Тэрээр, өнгөрсөн оны өвөл Улаанбаатар хотын хэмжээнд 12 мянган тонн мах бэлдэж, 3-7 дугаар сар хүртэл нөөцийн махыг худалдаанд гаргасан. Энэ жил 10-аад мянган тонноор илүү хэмжээгээр бэлтгэнэ. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар хотод дээрх тонны мах бэлтгэх үүргийг ХХААХҮЯ-аас Улаанбаатар хотын Захирагчийн албанд ирүүлсэн. Үүний дагуу энэ ажлыг наймдугаар сарын 1-нээс эхлүүлээд байна гэв. 


Нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх сонгон шалгаруулалтад 27 ААН тэнцжээ. 22 мянган тонн мах бэлтгэхээр арилжааны банкнаас зээл авах хүсэлттээ өгөөд байгаа аж. "Банкны зүгээс зээлийн хорооны шийдвэрээр тэдгээр ААН-д тодорхой шалгуур тавин хэчнээн хэмжээний зээл өгөх боломжтой болох нь  удахгүй тодорхой болно. Ерөнхийдөө зээлийг хурдан өгвөл ААН-үүд 9-10 дугаар сард багтаж хөдөө орон нутгаас махаа худалдан авч, нөөцлөн хадгалж эхэлнэ" гэдгийг мэдээллээ. 


Холбоотой мэдээ