Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт хоёр настай хүүхдийг цахимаар бүртгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-09-17 16:48:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухаан сайдын “Хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн А/63 тушаалын хэрэгжилтийг ханган цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг онцгой нөхцөлд хэвийн горимоор зохион байгуулах ажлын хүрээнд төрийн өмчийн цэцэрлэгт хоёр настай хүүхдийг элсүүлэн суралцуулахаар болжээ.


Нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Мэдээлэл, Технологийн газраас цэцэрлэгийн элсэлттэй холбоотой асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, холбогдох мэдээллийг өглөө.



Цэцэрлэгийн “Цахим бүртгэл”-ийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 9:00 цагаас 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 14.00 цаг хүртэлх хугацаанд явуулах бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид tsetserleg.ulaanbaatar.mn системд хүүхдээ бүртгүүлнэ. Бүртгэл 14:00 цагт хаагдсаны дараа “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг энэ сарын 21-ний өдрийн 16.00 цагаас цэцэрлэг бүрт зохион байгуулна.



Цахим бүртгэл, элсэлтийн үед БШУЯ-ны Боловсролын мэдээллийн төвийн 75778080 дугаарын утас ажиллаж, эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх юм. Мөн цэцэрлэг бүрт энэ сарын 18-21-ний хооронд иргэдэд туслах ажилтан ажиллана.


2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 262 цэцэрлэг, 143 ерөнхий боловсролын сургууль, төрийн бус өмчийн 437 цэцэрлэг, 123 ерөнхий боловсролын сургууль, нийт 699 цэцэрлэг, 266 ерөнхий боловсролын сургууль сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхлээд байна. Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 111831 хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангид 172300, дунд ангид 100031, ахлах ангид 47540 сурагч, нийт 319871 сурагч суралцаж байна. Мөн нэгдүгээр ангид шинээр 39500 сурагч элсэн оржээ.


Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Сургуулийн автобус төсөл хэрэгжүүлэх тухай” А/1298 захирамжийн дагуу 2020-2021 оны хичээлийн жилд авто замын хөдөлгөөнд гол ачаалал үүсгэж буй ерөнхий боловсролын сургуулиудад болон хотын алсалсан дүүргийн нийт 31 сургуулийг хамруулан 35 чиглэлд 40 автобус 2020 оны 9 дүгээр сарын 21-нээс үнэ төлбөргүй үйлчилж эхэлнэ. Мөн нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 71 сургуулийн 182 “Хүүхдийн автобус үйлчилгээнд гарч сурагчдад үйлчлэх аж.



Холбоотой мэдээ