“Rio Tinto”-гийн нэр хүндийг сэргээх гүйцэтгэх захиралд нэр дэвшигчид

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-09-17 14:41:23

ЛОНДОН. /Bloomberg/. Rio Tinto” компанийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак Австралийн уугуул иргэдийн өв соёлыг сүйтгэсэн асуудлын улмаас албан тушаалаасаа огцрох болсонтой холбоотойгоор тус компани олборлолт хийж буй нутаг дэвсгэрийнхээ оршин суугчидтай харилцаагаа сэргээхийн тулд шинэ тэргүүний эрэлд гараад байна.


Хөрөнгө оруулагчид болон уугуул иргэдийн бүлгүүд 46 мянган жилийн түүхтэй дурсгалт газрыг өнгөрсөн тавдугаар сард дэлбэлснийхээ төлөө хариуцлага хүлээхийг шаардсантай холбогдуулан Ж.Жак болон өөр хоёр өндөр албан тушаалтан үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон билээ. Rio Tinto” холбогдох албан тушаалтнуудад зөвхөн торгууль ногдуулахаар төлөвлөж байгаагаа өмнө нь мэдэгдсэн боловч хөрөнгө оруулагчид, идэвхтнүүдийн шаардлага нэмэгдэж буй үед ийм шийтгэл хангалтгүй юм.


“Нэр хүнд нь асар ихээр унасан тул одоо олон нийтийн итгэлийг дахин олж авахад түлхүү анхаарах хэрэгтэй байна” гэж Сидней хотод төвтэй “Aberdeen Standard” хөрөнгө оруулалтын компанийн мэргэжилтэн Камилла Симеон хэлжээ. Тус компани нь “Rio Tinto” компанийн хувьцааг эзэмшдэг бөгөөд 563 тэрбум орчим ам.долларын хөрөнгийг удирддаг ажээ.


“Лондон хотод төвтэй, дэлхийд олборлолтооороо хоёрдугаарт бичигддэг “Rio Tinto” компани нь шинэ гүйцэтгэх захирлаа сонгох үйл ажиллагааны хүрээнд компанийнхаа болон бусад компанийн мэргэжилтнүүдийг судалж байгаа бөгөөд одоогийн нөхцөл байдлыг зохицуулах ур чадвартай нэр дэвшигчдийг эн тэргүүнд авч үзнэ” гэж тус компанийн тэргүүн Саймон Томпсон өнгөрсөн баасан гарагт утсаар ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.


Rio Tinto” компанийн шинэ гүйцэтгэх захирлын албан тушаалд нэр дэвших боломжтой хэмээн хөрөнгө оруулагчид, шинжээчдийн үзэж буй хүмүүсийн заримыг та бүхэнд танилцуулбал, “Newmont” компанийн гүйцэтгэх захирал Том Палмер, “Rio Tinto” компанийн Эрчим хүч, эрдсийн группийн захирал Баатарын Болд, “BHP” компанийн санхүүгийн асуудал хариуцсан дарга Питер Бивен, “Newcrest” компанийн гүйцэтгэх захирал Сандип Бисвас, “South32” компанийн гүйцэтгэх захирал Грэм Керр зэрэг багтаж байгаа ажээ.



Б.Болд нь “Rio Tinto” компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалын төлөөх компани доторх өрсөлдөөнд тэргүүлж буй хүмүүсийн нэг юм. Монголын иргэн тэрбээр “Rio Tinto” компанид 2016 оноос ажиллаж эхлэхээсээ өмнө “JPMorgan” хөрөнгө оруулалтын банкны захирлын албыг хашиж байжээ. Б.Болд нь “Rio Tinto” компанийн Эрчим хүч, эрдсийн группийн захирлын үүргийг гүйцэтгэдэг бөгөөд мөн гэрээ байгуулдаг нэгжийг хариуцдаг байна. Б.Болдыг компанийн ирээдүйд аль түүхий эд хамгийн өндөр ач холбогдолтой болохыг төлөвлөх зэрэг үүргийг гүйцэтгэдэг стратегийн бодлого боловсруулагч хэмээн үздэг байна.


 

Холбоотой мэдээ