Хоолны хордлоготой гэх иргэдийн шинжилгээ 72 цагийн дараа гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-09-16 19:40:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ цагдаагийн байгууллагатай хамтран цахим тоглоомын 47 газарт хийсэн шалгалтаар 44 зөрчил илрүүлж, 8 газрыг 1.5 сая төгрөгөөр торгожээ. 

Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш өнөөдөр мэдээлж, үйл ажиллагааг нь үе шаттай нээгээд буй тоглоомын газрууд болон удахгүй нээх диско баар зэрэг цэнгээнт газрууд "COVID-19" цар тахлаас урьдчилсан сэргийлэх хүрээнд ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сайтар мөрдөн сахихыг зөвлөлөө. 

Мэдээллийн үеэр эх орондоо ирээд буй иргэдийг тусгаарлаж буй зочид буудлуудын нөхцөл байдлын талаар хөндөж, хоолны хордлого гараад буй гэх "Dream" зочид буудлын талаар мэдээллээ. 

Энэ сарын 14-нд “Dream-1” зочид буудалд тусгаарлагдсан 15 хүнд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар хоол хүнсний дээжээс авсан лабораторийн сорьцын хариу гараагүй байна. Мөн өвчтөнүүдээс авсан сорьцын шинжилгээний хариу гараагүй. Тиймээс хоолны хордлого уу, ходоод гэдэсний хямрал уу гэдгийг одоогоор хэлэх боломжгүй. Нян судлалын шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна.

Хоолны хордлого гарсан зочид буудалд гаднаас хоол нийлүүлж байсан ч одоогийн байдлаар хоол хүнсийг татан авч, үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоосон. Харин “Dream-2” зочид буудлын үйл ажиллагаа шаардлага хангаж байгаа тул хүнсний түүхий эд татах, хоол үйлдвэрлэх ажил хэвийн явж байгаа талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээллээ. 


Холбоотой мэдээ