Шри-Ланкт хөрсний нуралт болсны улмаас 37 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-19 12:26:32

КОЛОМБО. /VOA/. Шри-Ланк улсад аадар бороо орж үер буусны дараа гурван тосгонд хөрсний нуралт үүсчээ. Гамшгийн улмаас эдгээр тосгоны байшин барилгууд эвдрэн нурж, 37 хүн амиа алдаж, хэдэн арван хүн сураггүй болсон ба тэдний зарим нь нурсан шороонд дарагджээ. Аврах ангийнхан сураггүй болсон хүмүүсийг эрж хайн, шороонд дарагдсан хүмүүсийг гаргаж авахаар ажиллаж байна.

Шри-Ланк улсын Ерөнхийлөгч Майтрипала Сирисена гамшигт өртсөн газарт очиж, нөхцөл байдалтай танилцаад “асар их хохирол амслаа” гэж твиттер хуудсандаа мэдэгджээ. Бенгалийн буланд агаарын даралт буурснаас болж аадар бороо орсон бөгөөд удахгүй татрах байх гэж Шри-Ланкийн цаг уурын алба таамаглаж байна.

Харин тус улсын Улаан загалмайн нийгэмлэгийн цахим хуудсанд мэдээлснээр, хоёр аврах багийг Аранаяке мужийн Сирипура, Паллебагэ, Елагипитя тосгон руу илгээсэн бөгөөд 180 хүнийг авраад байна.

Үерт автсан нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд туслах үүргийг Ерөнхийлөгч цэргүүдэд өгчээ. Аврах ажиллагаанд тус улсын тэнгисийн болон агаарын цэргийн хүчин оролцож байна. Гамшигт хамгийн ихээр өртөөд байгаа Кегалли дүүрэгт 266 цэргийн албан хаагч ажиллаж байгаа аж.

Цагдаагийн газрын өгсөн мэдээллээр, хөрсний нуралт болохоос өмнө олон оршин суугчид фермийн аж ахуйн газраа орхин дүрвэсэн ба гамшигт нийт 350 мянга гаруй хүн өртөөд байгаагийн 223 мянга нь халамжийн төвд толгой хоргодож байна.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ