Япон улсын эмч нар онлайн сургалт хийв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-09-16 16:20:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/ “Жайка” Олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд “Мэргэжлээс шалтгаалах уушгины эмгэгийн эрт үеийн оношилгооны чадавхыг сайжруулах” сэдэвт 3 дахь удаагийн сургалтыг энэ сарын 14-16-нд онлайнаар зохион байгууллаа.


Сургалтыг Япон улсын туршлагатай, чадварлаг эмч нарын баг ZOOM программаар удирдав. Тус сургалтаар амьсгалын эрхтэн тогтолцооны халдварт өвчин /COVID-19/, уушги тоосжих, асбестозын нөлөөллөөс үүсэх өвчний дүрс оношилгоо, хорт болон хоргүй хавдрууд, цээжний хөндийн дурангийн оношилгооны ач холбогдол, амьсгалын замын эмгэгийн дурангийн шинжилгээ, оношилгооны орчин үеийн чиг хандлага, дэвшилтэт арга зүйн талаарх мэдлэг олгож, харилцан туршлага солилцов.


Сургалтад Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн дүрс оношилгоо, уушги, мэргэжлээс шалтгаалах өвчин судлаач, цээжний хөндийн мэс заслын болон гуурсан хоолойн дурангийн нийт 130 эмч, мэргэжилтэн хамрагдсан юм. 


Холбоотой мэдээ