НҮБ-ын төслүүд үр дүнгээ өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-09-15 16:57:41

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Улиастай сумын V цэцэрлэг, Биндэргарав өрхийн эмнэлгүүдэд НҮБ-ын санхүүгийн дэмжлэгээр шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулан өгсөн тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Тухайлбал Улиастай сумын V цэцэрлэгийн гал тогоонд 50 гаруй сая төгрөгийн иж бүрэн тоног төхөөрөмж, хүүхдийн ариун цэврийн өрөөний иж бүрэн тохижилтыг шийдэж өгчээ. НҮБ-ын Жишиг гал тогоо төслийн хүрээнд шинэ хичээлийн жилд тус цэцэрлэг гал тогооны орчин үеийн тоног төхөөрөмжтэй боллоо. Өмнө нь хоёр гал дээр ээлжээр хоолоо хийдэг байсан бол иж бүрэн тоног төхөөрөмжтэй болсноор цэцэрлэгийн хүүхдүүдэд чанар стандартад нийцсэн аюулгүй нөхцөлд хоол бэлтгэж, хийх боломж бүрджээ. Мөн тус цэцэрлэгийн ариун цэврийн өрөө нь зориулалтын угаалтуур, суултуургүй байсан бөгөөд энэ хичээлийн жилд хүүхдүүд зориулалтын ариун цэврийн өрөөндөө стандарт хангасан бойлуур, ариун цэврийн угаалтуур, суултууртай болжээ. Тус цэцэрлэгт 300 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдан хүмүүждэг. Зориулалтын ариун цэврийн өрөө, иж бүрэн тоног төхөөрөмжтэй болсноор гарын ариун цэврээ бүрэн сахих боломж бүрдсэн. НҮБ-аас манай аймагт хэрэгжүүлж буй төслүүд ийнхүү үр дүнгээ өгч буйд талархаж байна  гэж V цэцэрлэгийн эрхлэгч мэдээлэв.

 

Хүүхдийн эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлэхэд дөхөм болжээ

Улиастай сумын Биндэргарав өрхийн эмнэлэгт НҮБ-ын санхүүгийн дэмжлэгээр хүүхдийн чих, шүдний үзлэг, халуун үзэх зориулалтын багаж тоног төхөөрөмжийг гардуулан өгчээ.

Мөн хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх, өнгө ялгах зөөлөн тоглоомыг төслийн хүрээнд хүлээлгэн өгсөн байна. Тус эмнэлэг нь тойргийнхоо харьяа багийн 0-5 насны 818 хүүхдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар 0-18 сартай 436 хүүхдэд эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлээд буй. НҮБ-ын дэмжлэгээр олгосон дээрх тоног төхөөрөмжүүд нь хүүхдийн эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлэхэд чухал шаардлагатай тоног төхөөрөмжүүд юм. Мөн энэ жил манай өрхийн эмнэлэгт "Огторгуйн Цагаан Гарьд" сангаас 30 сая төгрөгийн үнэ бүхий хамгийн сүүлийн үеийн иж бүрэн тоног төхөөрөмжийг өгсөн. Тухайлбал шээсний болон цусны анализатор аппарат, УВЧ шарлагын, импра туяаны аппарат гэхчлэн нөхөн сэргээх эмчилгээний, нярайн шарлалтыг хэмждэг аппарат гээд чухал тоног төхөөрөмжүүдийг хандивласан юм. Өдөрт манай өрхийн эмнэлгээр 40-50 иргэн үйлчлүүлдэг. Аймгийн нэгдсэн эмнэлэгт нэг ширхэг байдаг, нэн шаардлагатай нярайн шарлагын аппараттай болсон нь чухал шаардлагатай үйлчилгээг өрхийн эмнэлэг дээрээ цаг алдалгүй үзүүлдэг болсон нь сайшаалтай гэж Биндэргарав өрхийн эмнэлгээс мэдээлэв.

Нярайн шарлалтыг бууруулах аппарат нэн чухал юм

Гүйцэд төрсөн нярайн 50-60 хувь, дутуу төрсөн нярайн 80 хувьд шарлалт явагддаг. Дийлэнх нярайн хувьд шарлалт ямар ч аюулгүй, ямар нэг эмчилгээгүй өөрөө арилдаг аж.

Гэвч тодорхой тохиолдолд цусан дахь билирубины хэмжээ хэт ихсэх нь хүүхдийн уураг тархийг эргэшгүйгээр гэмтээх аюултай. Цаг хугацаа алдаж өвчин даамжрах тохиолдолд булчин чангарч нумрах, татах шинжүүд илэрч болзошгүй бөгөөд цаашид оюуны хомсдол, саа саажилт, дүлийрэх, сохрох ч эрсдэлтэй. Энэхүү хүнд эмгэгийг урьдчилан сэргийлэх бүрэн боломж анагаах ухаанд өнөөдөр байна. Энэ нь фото эмчилгээ буюу гэрлийн тусламжтайгаар цусан дахь билирубиныг бууруулах арга юм. Энэ бол аппаратаар шарлалтыг бууруулна гэсэн үг. Тиймээс нярайн шарлалтаас үүдсэн хүндрэлүүдийг бууруулсан нэн шаардлагатай аппаратыг хандивласан нь цаг үеэ оллоо. Мөн шээс, цусны шинжилгээг өрхийн эмнэлэг дээрээ авдаг болох нь иргэдэд цаг заваа алдаж заавал аймгийн нэгдсэн эмнэлэгт дугаар үүсгэхгүй. Өрхийн эмнэлэгт үзүүлж буй иргэдийг хоёрдугаар шатлалын эмнэлэг рүү явуулах нь багасаж нөхөн сэргээх эмчилгээг өрхийн эмнэлэг дээрээ хийдэг болно. Хоёрдугаар шатлалын эмнэлгийн ачааллыг бууруулах гэхчлэн ач холбогдолтой юм хэмээн Улиастай сумын Биндэргарав өрхийн эмнэлгийн эрхлэгч эмч Б.Ичинхорлоо хэллээ.

Холбоотой мэдээ