Эрдэмтэд Сугар гаргийн агаар мандлаас амьд организмтай холбоотой хий илрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНМОСКВА. /TASS/. Их Британийн Кардиффын их сургуулийн одон орны физикч Жейн Гривсээр ахлуулсан олон улсын эрдэмтэд Сугар гаргийн агаар мандлаас фосфины хийн ул мөр илрүүлжээ. Энэ нь уг гараг дээр амьдрал байгааг илтгэж магадгүйн шинж тэмдэг юм.
Фосфин гэж юу вэ? Яагаад тийм чухал вэ?
Фосфин (PH3) бол ялзарсан загастай төстэй эвгүй үнэртэй, өнгөгүй, маш хортой хий юм. Фосфины хийг оцон шувууны ялгадас, намаг, балчигний гүнээс, зарим төрлийн дорго, загасны гэдэснээс илрүүлж болно. Бас хөдөө аж ахуйд шавжнаас хамгаалах хэрэгсэл болгон ашигладаг.
Гэхдээ 2019 онд хэсэг бүлэг эрдэмтэд компьютерын загварчлалын тусламжтайгаар хатуу цөмтэй гаргууд дээр амьд организмын үйл ажиллагааны үр дүнгээс өөр тохиолдолд фосфин үүсэх боломжгүй болохыг нотолжээ. Энэ нь одон орон судлаачдад уг бодисыг “biosignature” буюу өнгөрсөн эсвэл өнөө үед амьдрал байгааг шинжлэх ухааны үүднээс нотолсон амьдралын үр дагаврын аливаа шинж тэмдэг, ул мөрүүдэд хамааруулах боломжтой болгож байгаа аж. Үүнд, жишээлбэл, хүчилтөрөгч, озон, метан орно. Эдгээрээр одон орон судлаачид сансар огторгуйд амьдрал оршин байгаа эсэхийг дүгнэдэг.
Хэрэв тийм хортой юм бол амьдралтай яаж холбогдож байна вэ?
Хүчилтөрөгчөөр амьсгалдаг дэлхийн организмууд үнэндээ фосфин ялгаруулдаггүй бөгөөд амьд үлдэхэд нь ч хэрэг болохгүй. Гэхдээ бас хүчилтөрөгчгүй орчинд амьдардаг организмууд байдаг. Жишээлбэл, сүүн хүчлийн болон бутирийн хүчлийн бактериуд юм. Эдгээр нь огт хүчилтөрөгчгүй орчинд амьдарч чаддаг.
Одоогоор фосфорын органик нэгдлийг хуваах замаар гаргаж аваад фосфороор хооллодог, фосфин ялгаруулдаг есөн бүлэг бактери байдаг байна. Гэхдээ урьд өмнө үүнээс ч олон байсан байж магадгүй юм. 2.5 тэрбум жилийн тэртээ дэлхий дээр хүчилтөрөгч маш бага байсан билээ.
Сугарын агаар мандлаас фосфиныг хэрхэн илрүүлсэн бэ?
Хэрэв фосфин нь дэлхий дээрх метаны хий шиг хангалттай хэмжээгээр ялгарч байгаа тохиолдолд 16 жилийн гэрлийн зайд буй агаар мандлаас илрүүлэх боломжтой байна. Мэдээж хэрэг шууд илрүүлэх боломжгүй спектроскопын өгөгдлүүдийн тусламжтайгаар илрүүлнэ.
Гаргийн агаар мандлыг бүрдүүлдэг хийнүүд нь түүний цацрагийн спектрт нөлөөлдөг байна. Янз бүрийн молекулууд гэрлийг янз бүрийн аргаар шингээдэг. Радио телескопын тусламжтайгаар спектрийн тодорхой хэсгийг судлахдаа молекулуудын гэрлийн шингээлттэй тохирох хэлбэлзлийг ялгаж болдог байна. Энэ нь нэг төрлийн “молекулын хурууны хээ” юм.
Фосфины молекулыг зөвхөн нэг миллиметр орчмын диапазонтой долгионы уртыг барьж авдаг техникийг ашиглан илрүүлэх боломжтой байжээ. Үүний тулд эрдэмтэд нэг мм-ээс бага урттай долгионоор ажилладаг хамгийн том телескоп болох Хавай арал дээрх Жеймс Кларк Максвеллын телескопыг, мөн Чилийн Атакама цөлд орших радио телескопын цогцолборыг ашигласан байна.
Тэгэхээр Сугар гараг дээр амьдрал үнэхээр байгаа гэсэн үг үү?
Одоогоор одон орон судлаачид зөвхөн биотекийн эх үүсвэрүүд гэж үздэг химийн бодисыг л нээсэн гэж хэлж болно. Фосфины молекулууд тодорхой хэмжээгээр байгааг бактерийн үйл ажиллагаанаас бусад тохиолдолд тайлбарлахад хэцүү байдаг байна.
Сугар гараг дээр амьдрал оршин байгаа гэх таамаглалыг судлахын тулд уг гараг дээр буй олон хүчин зүйлийг харгалзах хэрэгтэй гэж эрдэмтэд үзэж байгаа аж. Жишээлбэл, эдгээр хүчин зүйл нь асар хүчтэй салхи, 100 атмосферийн даралт, Цельсийн +500 ба түүнээс дээш температур, мөн хүхрийн хүчил, нүүрстөрөгчийн давхар ислийн өндөр концентрацтай бороо юм. Сугар гараг дээр байгаа гэж таамаглаж буй организмууд нь дэлхийн бактериуд шиг фосфин ялгаруулах ёстой гэсэн үг биш аж.
Гэхдээ дэлхийнхтэй төстэй бактериуд амьд үлдэх магадлалууд бий бөгөөд 50-65 км-ийн өндөрт Сугар гаргийн агаар мандлын даралт болон температур дэлхийн гадаргуу дээрхтэй бараг ижил байна. Үүнээс гадна, дэлхий дээр маш хүнд нөхцөлд амьдрах чадвартай организмууд байдаг. Жишээлбэл, ходоодны шүүсний хүчиллэг орчинд амьдрах чадвартай хеликобактер пилори юм.
Эрдэмтдийн үзэж байгаагаар, энэхүү мэдээллийг шалгах цорын ганц арга бол Сугар гараг руу гараг хоорондын автомат станц илгээн дээж авч, судлах юм.