Монголын цам, Социалист реализм: Ардын зураач Үржингийн Ядамсүрэн

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2020-09-15 12:09:21

ХОНКОНГ. /Buddhist Door/. Монголын зураач Үржингийн Ядамсүрэн /1905-1986бол Монголын урлагийн, ялангуяа Монголын уламжлалт арга барил болох “Монгол зураг”-ийг Социалист реализмтэй хослуулсан урлагийн эцэг юм.


Энэхүү төрөл нь Монголын өдөр тутмын амьдрал, ард иргэд, үйл явдлыг тусгадаг. Ү.Ядамсүрэн хүүхэд байхдаа модон дээр сийлбэр хийж сурчээ. Лам авга ах нь түүнийг 13 настайгаас нь бурхан зурах эрдэмд сургаж эхэлжээ. Ү.Ядамсүрэн Монголыг Хятадаас салан тусгаарлагдаж, Зөвлөлттэй нэгдэх үед өсөж том болжээ. Тухайн үед хувьсгалт баатрууд, тусгаар тогтнолын баяр хөөр, Оросын соёлын давамгайлал бүрэлдэж байжээ.


“Чингис хаан”, Зураач Ү.Ядамсүрэн, 1940-өөд оны эхэн үе, Зотон даавуун дээр тосон будгаар зурав.


“Хаант Монгол Улсын их хүрээ цам” ном, “Адмон” хэвлэлийн компанид 2005 онд хэвлэв.


Ү.Ядамсүрэнгийн авьяас олонд эрт танигджээ. Тэрбээр Төвөд, Монгол хэлээр ярьдаг, сүм хийдийн зан үйлийн талаар мэддэг, урлагийн хичээл заадаг байсан бөгөөд эхлээд алслагдсан нутгаасаа Улаанбаатар хот руу нүүж, дараа нь Москва хот дахь Суриковын нэрэмжит урлагийн институтэд 1938-1942 онд урлагийн чиглэлээр суралцаж, Өрнөдийн дүрслэх урлагийн арга барил, Зөвлөлтийн баатарлаг үндсэрхэг хэв маягийг сурчээ. Дэлхийн II дайн дэгдсэний улмаас Ү.Ядамсүрэн Улаанбаатарт эргэн ирж, Монголын контемпорари зураачдын үеийг бэлтгэжээ. Ү.Ядамсүрэн нь Төрийн шагнал болон Ардын зураач шагналыг хүртсэн уран бүтээлч юм.


“Өвгөн хуурч”, 1958 он. Энэхүү зураг нь “The Old Fiddler” нэрээр мөн танигджээ.


1950-аад оны үеэс Ү.Ядамсүрэн угсаатны зүй судлах болсон бөгөөд түүний туурвисан “Чингис хаан” , “Дамдины Сүхбаатар” зэрэг уран бүтээлүүдээс нь үүнийг харж болно. Тэрбээр Монгол болон Зөвлөлтийн аль алинд зөвшөөрөгдсөн хэв маягаар уран бүтээлээ туурвидаг байжээ. Ү.Ядамсүрэн Буддын шашны бүтээлүүдийг цайвар өнгөөр туурвиж байв. Монголдоо хамгийн их хуулбарлагдсан зургуудын нэг болох Өвгөн хуурч /1958/ хэмээх зурагт үндэсний уламжлалт эд зүйлсийг харуулсан байдаг юм.


Хаант Монгол улсын Их хүрээ цамын Цагаан өвгөн


Ү.Ядамсүрэн “Ардын эдлэл хэрэглэл”, “Монголын үндэсний хувцас” хэмээх уран бүтээлийн хоёр том цомог гаргажээ. Тэрбээр хувцасны хувьд л гэхэд хатгамлаас эхлүүлээд жижиг хэсэг бүрд ач холбогдол өгдөг байсан нь түүний уран бүтээлүүдээс харагддаг байна. Мөн үргэлж Монгол хээ угалзуудаар чимдэг байжээ. Ү.Ядамсүрэнгийн туурвисан хувцасны бүтээлүүд Монголын болон дэлхийн урлагт ихээхэн ач холбогдолтойгоос гадна Зөвлөлтийг нөлөөтэй байх үед Монголын соёлыг тэмдэглэн үлдээснээрээ онцлог ажээ. Мөн Ү.Ядамсүрэнгийн эхнэр, охин нь түүний загваруудаар хувцас хийдэг байсан бөгөөд түүхэн хувцаснуудыг театруудад нийлүүлдэг байжээ.


Хаант Монгол улсын Их хүрээ цамын Сэндэм


1965 онд Ү.Ядамсүрэн Монголын хамгийн нэртэй ёслол болох гурван өдөр үргэлжилдэг, 108 дүртэй Буддын шашны цамын бүх бүжигчнийг зурж эхэлжээ. Энэхүү ажил 10 жилийн турш үргэлжилсэн байна. 1975 он гэхэд Монголд Зөвлөлтийн нөлөөтэй Засгийн газар эрчийг авч, шашныг дэмждэггүй болсон байв. Хэдийгээр Ү.Ядамсүрэн нэр алдартай байсан боловч цамын бүжигчид, хувцас бүхий цомгийг нь хэвлэх хүн олдоогүй байна. Уг цомгийг “Хаант Монгол Улсын Их хүрээ цам” хэмээн нэрлэжээ. Их Хүрээ нь нийслэл Улаанбаатар хотын өмнөх нэр юм. Тэрбээр цамыг, “шашны ёслолын арга хэмжээ боловч уламжлалт, багт наадмын шинжтэй бүжиг” хэмээн тодорхойлжээ.


Хаант Монгол Улсын Их хүрээ цамын буган толгойтой Шива


Цамыг анх 1811 онд Их хүрээнд толилуулснаас хойш хөгжиж эхлэн, сүм хийдүүд зохион байгуулах болжээ. Мөн шинэ бүжгүүд нэмэгдсэнээс гадна Монголын гар урлал, уламжлалыг шингээсэн хувцаснуудад олон өөрчлөлт орж, багуудыг томруулжээ. Ү.Ядамсүрэнгийн дүрсэлсэн цам бол түүний бага ахуй үед буюу чөлөөт Монгол улсын үеийн дурсамж бөгөөд лам нар, овог аймгууд 10 гаруй жилийн турш дүр бүрийг бий болгожээ.


Хаант Монгол Улсын Их Хүрээ цамын улаан хамгаалагч Жамсран


21 дүгээр зууны эхээр цамын бүжигчдийн номыг хэвлүүлэх хүсэлтийг нэгэн музей гаргасан боловч зохих зөвшөөрөлгүйгээр зургуудыг ашиглан түгээжээ. Уг явдлыг 2005 онд буюу уран бүтээлчийн мэндэлсний 100 жилийн ойгоор залруулж, Ү.Ядамсүрэнгийн хүүхдүүд уг цомгийг дууссанаас нь хойш 40 жилийн дараа бүтнээр нь хэвлүүлж, олон нийтийн хүртээл болгожээ.


Хаант Монгол Улсын Их хүрээ цамын Дончагдан 


Цахимаар худалдан авах боломжтой энэхүү номын зураг бүрээс олон уран бүтээлч, гар урлалчийн ажлыг харах боломжтой тул цамын дүрүүдээс илүү угсаатны зүйн түүх болон үлджээ. Ү.Ядамсүрэн Монголын өв соёл, ялангуяа аюулд орсон гэж үзсэн цамыг хадгалан үлдээхийн тулд энэхүү цомгийг бүтээжээ. Тэрбээр цамыг ийнхүү туурвин үлдээсэн нь маш зөв явдал болсон. Ү.Ядамсүрэнгийн бүтээл Монголын Буддын урлаг, арга хэмжээнд жил ирэх тусам улам их ач холбогдолтой болсоор байна. Хаант Монгол Улсын Их хүрээ цам нь Ардын зураач Ү.Ядамсүрэнг Буддын шашны зан үйлийн бүжгийн агуу угсаатан зүйчдийн нэг болгожээ.


Холбоотой мэдээ