Монгол, Сингапурын худалдааны эргэлт 176.8 сая ам.долларт хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-09-10 19:08:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зорилгоор Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Сингапур Улсад cуугаа Элчин сайдын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Сингапурын Бизнесийн Холбоо хамтран “Монгол-Сингапурын бизнес вебинар”-ыг өнөөдөр  зохион байгуулав.


Энэ үеэр Монгол, Сингапурын 100 гаруй аж ахуйн нэгж, харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах боломжийн талаар бизнес уулзалт мөн зохион байгууллаа. Түүнчлэн Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын боломж, эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төсөл хөтөлбөр болон мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн талаар Үндэсний хөгжлийн газар, ГХЯ-ны дэргэдэх Хөрөнгө оруулалтын судалгааны төв мөн санхүүгийн технологийн тэргүүлэх компани АНД Глобал илтгэл тавив.


Монгол, Сингапур улс уул уурхай, боловсрол, үйлчилгээний салбар, хүний нөөцийн хөгжил, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхийг бэхжүүлэхэд нягт хамтран ажилладаг бөгөөд худалдааны эргэлт 2019 онд 176.8 сая ам.доллар, хөрөнгө оруулалт 155.8 сая ам.долларт хүрсэн байна.

Холбоотой мэдээ