Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэгийн гадна талбайг тохижуулжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-10 09:20:14

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад нийт 6375 хүүхэд сурч хүмүүжиж байна.

Тодруулбал, Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэгийн хамт олон 25 багш, ажилтантай. Энэ жил нийт 150 хүүхэдтэйгээр танхим ба гэр сургалт явуулж байна.

А.Өлзийбаяр эрхлэгчтэй тус цэцэрлэгийн хамт олон хоёр сарын турш цэцэрлэгийнхээ гадна талбайг бүрэн тохижуулжээ.

Цэцэрлэгийн гадна талбай бүхэлдээ сул шороо байсан. Тэгвэл багш, ажилтан, эцэг эх, олон нийтийн хамтын оролцоо, хөдөлмөрийн үр шимээр цэцэрлэгийн гадна талбай ногоон байгууламжтай боллоо.  

Ийнхүү гадна орчныг тохижуулахдаа байгалийн бэлэн өгөгдөхүүн болох чулуу, мод зэргийг ашиглажээ. Тухайлбал, олон жилийн настай, ургалт зогссон модыг засварлаж хөшөө болгосон байна. Мөн ундааны савыг цемент хэлбэржүүлэх ажилд ашигласан аж.

Цэцэрлэгийн гадна талбайг тохижуулахад хүүхдийн сэтгэхүйн онцлогт тохируулан хичээлийн үндсэн зургаан чиглэлийг тусгаж, танин мэдэхүйн тоглоомын арга ашигласнаараа онцлогтой.  

Үүнд нийт 10 орчим сая төгрөгийн санхүүжилт зарцуулсан. Үүний хоёр сая төгрөгийн санхүүжилтыг Жаргалант сумаас олгож, хүүхдийн сурах орчныг сайжруулахад дэмжлэг үзүүлжээ.   

Жаргалант сумын 10 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг барьж байгаа бөгөөд ирэх онд ашиглалтад орно. Ингэснээр гэр цэцэрлэгийг халж, хүүхэд сурч хөгжих тохилог орчин бүрдэх юм. 

Холбоотой мэдээ