Дэвид Блейн агаарын бөмбөлгөөр 7.5 гаруй км-ийн өндөрт гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-07 12:50:43

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн илбэчин Дэвид Блейн гелиэр дүүргэсэн 52 ширхэг агаарын бөмбөлгөөр 7.5 км гаруйн өндөрт гарч, буухдаа шүхрээр газарджээ. Аризонагийн цөл дээгүүр хийсэн “Хөөрөлт” нэртэй бичлэгээ тэрбээр “YouTube хуудсандаа байршуулсан байна. 


Нислэг цаг орчим үргэлжилсэн бөгөөд Блейн нэг гараараа бөмбөлөгнүүдээс бариад нисэж буй мэт хуурмаг дүрийг харуулахын тулд тусгай арга ашиглажээ. Тодорхой өндөрт агаар хэтэрхий сийрэг үед тэрбээр хүчилтөрөгчийн баллоноо ашиглаж байсан аж.   


Блейн газрын гадаргуугаас дээшээ 5.48 км өндөрт нисэх зорилго тавьсан ч 7.58 гаруй км-ын өндөрт хүрч чаджээ. Тийнхүү бөмбөлөгнүүдээс мултран, газардахдаа тэрбээр шүхрээр буусан байна. Энэ үзүүлбэрээ Блейн 9 настай охиндоо зориулжээ.


Өдгөө 47 настай Дэвид Блейн усан дор 17 минут 4 секунд амьсгалаа түгжсэнээр 2008 онд дэлхийн дээд амжилтыг эвдэж, олны танил болж байжээ. 2003 онд тэрбээр Лондон хотод хоргон дотор 44 өдрийг хоол ундгүй өнгөрөөж байсан аж. Түүнчлэн 2002 онд Блейн юу ч идэж уулгүйгээр 35 цаг тасралтгүй шонгийн модон дээр сууж байсан бол түүнээс 3 жилийн өмнө Нью-Йорк хотод мөсөн  хоргонд 61 цаг 40 минутыг өнгөрүүлэх гэх мэт сонирхолтой зүйлсүүдийг туршиж байсан нэгэн аж. 

Холбоотой мэдээ