Металлургийн цогцолбор төслийг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2020-09-04 18:20:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг тэргүүнд тусгасан. Энэ хүрээнд УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Төмөртолгой, Төмөртэй уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт болон төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн явцтай танилцав. 

Төмөртолгойн уурхайг анх 1963 онд 25 сая.тн нөөцтэй тогтоосон ч 2017 оны хайгуулаар 11.9 сая.тн болж буурах судалгаа гарчээ. Уурхайн нөөц хэдий багассан ч, нэмэлт хайгуул хийхээр төлөвлөж буйг удирдлагууд нь танилцуулав. Тус уурхайгаас олборлож байгаа хүдэр нь хүхрийн агуулга өндөртэй учир технологио сайжруулах шаардлагатай. Харин Төмөртэйн ордын хувьд 229 сая.тн нөөцтэй бөгөөд жилд нийт 5 сая.тн хүдэр олборох хүчин чадалтай. Тус уурхай 2014 онд хуурай соронзон баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Сүүлийн 6 жилд хоёр уурхай 28 сая м куб хөрс хуулж, 11 сая.тн хүдэр олборложээ. Харин Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь 10 мян.тн цувимал, 1 сая.тн ган бөөрөнцөг үйлдвэрлэжээ.

“Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг тус компани хэрэгжүүлж буй бөгөөд төлөвлөгөөний дагуу бол 2019 онд төслийг бүрэн хэрэгжүүлж дуусах товтой байв. Гэвч төмрийн хүдэр боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоос ухарч, өнөөдөр гүн боловсруулалт хийхгүйгээр экспортолдог компани болон хувираад байгааг салбарын сайд анхааруулав. 


Цогцолбор байгуулах төслийн хүрээнд компани өнөөдрийн байдлаар нийт 630 тэрбум төгрөг зарцуулж, бүтээн байгуулалт хийжээ. Тухайлбал, хоёр уурхайд хуурай соронзон баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд оруулснаас гадна Төмөртэйн уурхайд 1 сая.тн төмрийн хүдэр боловсруулах хүчин чадалтай нойтон баяжуулах үйлдвэрийг 2014 онд угсарч, ашиглалтанд оруулжээ. Мөн  Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус бүр 2 сая.тн хүчин чадалтай ачиж буулгах терминалыг байгуулж, 95 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулсан зэрэг концессын гэрээний хүрээнд томоохон бүтээн байгуулалт өрнөжээ. 

Цаашид, “Уул уурхай, металлургийн цогцолбор” болгон хөгжүүлэхэд шаардлагатай байгаагийн нэг нь  гангийн үйлдвэрийн түүхий эд болох хаягдал төмрийн зах зээлийг төр хянах шаардлагатайг Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Н.Энхчулуун хэлж байв. 


Дотоодын зах зээлд жилд 70 орчим мянган тонн хаягдал төмөр үүсдэг. Хэдийгээр хаягдал төмөр элбэг ч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай жижиг гангийн үйлдвэрүүд нэг тонн хаягдал төмрийг үнэ цохиж худалдан авч байгаа нь зах зээл дээр үнийн хөөрөгдөл бий болгож байна гэв. Үүний цаана үйлдвэрийн өрсөлдөх чадварыг бууруулж, бүтээгдэхүүний өртөг зардлыг өсгөх гол шалтгаан болж буйг хэлж байв. 

Салбарын сайд “Чанар, стандартын шаардлага хангаагүй арматур үйлдвэрлэж буй жижиг гангийн үйлдвэрүүдийг хянах нь зүйтэй" гэдэг дээр санал нэг байгаагаа илэрхийллээ. Гэвч зах зээлийн жамаар, хэн хямд өртөгтэй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна, түүнийг дэмжих ёстой. Та бүхэн төрөөс илүү менежменттэйгээр ажиллаж чадна гэж төсөл хэрэгжүүлэх эрх авсан шигээ хариуцлагаа үүрч, концессын хүрээний үүргээ биелүүл” гэдгийг үйлдвэрийн удирдлагуудад анхааруулав.

Холбоотой мэдээ