Лондон-Улаанбаатарын хооронд шууд нислэг хийхийг судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-09-02 19:00:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Лондон-Улаанбаатарын хооронд шууд нислэг хийхээр судалж байна. Энэ талаар ЗТХ-ийн сайд Л.Халтар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзах үеэр хөндлөө. 

Сайд Л.Халтар Элчин сайдтай 2 дахь удаагаа уулзан ярилцаж буйгаа онцлоод Монгол, Британийн тээврийн салбарын хамтын ажиллагаанд анхааран ажиллаж байгаагаа дурдав.

Тэрээр, төмөр замын салбарт хамтын ажиллагаа амжилттай явагдаж, хувийн хэвшлүүдийн зүгээс идэвх санал санаачилга гарган амжилттай  ажиллаж байгааг бид харж байна. Тухайлбал, Британийн төмөр замын төмөр бетон дэрний бэхэлгээ үйлдвэрлэгч “Пандрол” болон бетон дэр үйлдвэрлэгч “RM&S” зэрэг компани Монголын зах зээлд бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаа нэвтрүүлээд амжилттай явж байна.


Тодруулбал, Монгол Улсад хэрэгжүүлж буй шинэ төмөр замын төслийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын үйлдвэрлэлд “Пандрол” компанийн бэхэлгээг авч ашиглаж байгааг дурдаад цаашид төмөр замын томоохон төслүүд үргэлжлэн хэрэгжих тул бэхэлгээний хэрэгцээ шаардлага их байгаа тул "Пандрол" компанитай ярьж байсан бэхэлгээний системийн тодорхой бүрдэл хэсгийг Монголд үйлдвэрлэдэг байхад анхаарч бодит ажил хэрэг болгохыг Элчин сайдаас хүслээ.

Элчин сайд Филип Малоун төмөр замын бэхэлгээний зарим эд ангийн үйлдвэрийг Монголд барьж байгуулах тал дээр тусалж дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн Лондон-Улаанбаатарын хооронд шууд нислэг хийх талаар судалж байгаа талаар дурдаад хоёр орны зам, тээврийн салбарт өргөн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийллээ.


Холбоотой мэдээ