“COVID-19”-ийн үед хэрэглэх эмчилгээний сийвэн үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-09-02 15:18:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦССҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр тус төвийн  хөгжлийн хөтөлбөр болон тулгамдаж буй асуудлуудыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд өнөөдөр танилцууллаа.


ДЭМБ-аас дэлхийн улс, орнууд 2020 онд хүрэхээр төлөвлөсөн 100 хувь сайн дурын, авлагагүй цусны донороос цус цусан бүтээгдэхүүн бэлтгэх зорилтыг Монгол Улс 2016 онд бүрэн хангажээ. Цусны албаны хэмжээнд 2009 онд 19.890 цусны донороос цус цуглуулж байсан бол 2019 онд 34.956 болж 43 хувиар өссөн бөгөөд 2025 он гэхэд 2019 оны түвшнээс 25 хувиар өсөхөөр байна.  ЦССҮТ 2015 онд 15 нэр төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол олон улсын болон үндэсний стандарт, шинэ технологи нэвтрүүлсний үр дүнд 2019 онд цус сэлбэлтээр дамжих халдвар илрүүлэх шинжилгээг чанаржуулан, аюулгүй байдал, чанарын шаардлага хангасан 34 нэр төрлийн цус, цусан бүтээгдэхүүнийг эмнэлгүүдэд нийлүүлж, үйлдвэрлэлийг 60 хувиар нэмэгдүүлжээ. Цаашид 2025 он хүртэл үйлдвэрлэлийг 25 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. ЦССҮТ “COVID-19” халдвараас сэргийлэх, хөл хорионы дэглэмтэй холбоотой цус цуглуулалт буурсан үед шат дараалсан цогц арга хэмжээ хэрэгжүүлсний дүнд дэлхийн бусад улс оронтой харьцуулахад цус цуглуулалт, шинжилгээ, үйлдвэрлэлийг харьцангуй тогтвортой хэмжээнд барьж байгаа аж.


ЦССҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр, “Коронавирусний халдварын эрсдэлийг бууруулах ажилд хувь нэмрээ оруулах зорилгоор тус төв “COVID-19 өвчний үед хэрэглэх Anti-SARS-CoV-2-IgG агуулсан эмчилгээний сийвэн үйлдвэрлэх төсөл”, “Эрүүл мэндийн ажилтан болон цусны донорт anti-SARS-CoV-IgM, anti-SARS-CoV-IgG эсрэг бие, таньц тодорхойлох төсөл” боловсруулан ЭМЯ-ны Ёс зүйн хорооноос холбогдох зөвшөөрөл авч, төсөл хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаж байна. Цусны хэрэглээний байдлаас харахад цаашид цус цуглуулалт нөөцийг нэмэгдүүлэх, улмаар эмчилгээний био бэлдмэлийг эх орондоо үйлдвэрлэх хэрэгцээ, шаардлага бий. Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд цус цуглуулах 5 төв ажиллаж байгаа бөгөөд цаашид 3 төв байгуулах, ЦССҮТ, түүний нөөцөд тулгуурлан эмчилгээний биобэлдмэл үйлдвэрлэхээр төлөвлөж байна” хэмээв.  

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, “Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын Цусны алба олон улсын жишигт хүрч, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн төслийн хүрээнд цусны 26 салбарыг төв эмнэлгийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан. ЦССҮТ цус сэлбэлтээр дамжих халдварыг олон улсын жишигт хүртэл бууруулсан бөгөөд цус, цусан бүтээгдэхүүний чанарын хяналт сайжирсан. Түүнчлэн цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд олон шинэ технологийг үе шаттай нэмэгдүүлж, олон улсын жишигт хүрсэн. Эмчилгээний үр дүнг сайжруулах, шинэ технологиор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр ЦССҮТ бусад эмнэлгийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь зүйтэй” гэв.

Гемофилийн өвчтэй өвчтөнүүдийн асуудлыг ЦССҮТ-өөс сүүлийн жилүүдэд оновчтой түвшинд шийдвэрлэснийг албаныхан онцолсон юм.



 

Холбоотой мэдээ