Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг баталлаа.
Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Батлут танилцууллаа. Тус Байнгын хороо энэ сарын 28-нд дээрх тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг дараах байдлаар төсөлд бүрэн тусгасан гэв. Тогтоолын төслийн хавсралтад “Үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс стратегийн зориулалттай нөөцийн бараа, материалын нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлж, бараа материалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулж, хөргүүр бүхий автоматжуулсан махны зоорь, хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалт бүхий иж бүрэн механикжуулсан хүнсний агуулах, газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зориулалттай агуулахын цогцолбор байгуулсан байх”, “Хүүхдийн эрхийг дээдлэн, аливаа хэлбэрийн хүчирхийлэл, сэтгэл зүйн дарамт, хөдөлмөрийн мөлжлөгөөс ангид байлгах чиглэлээр эрх зүйн орчныг чангатгаж, хэрэгжилтэд хатуу хяналт тавих тогтолцоог бий болгосон байх”, “Хилийн чанадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, улс төрийн болон бусад эрхээ хэрэгжүүлэх, монгол хүүхэд эх хэлээрээ сурч боловсрох боломжийг бий болгосон эрх зүйн орчныг бүрдүүлсэн байх”, “Шинжлэх ухааны байгууллагуудын бүтээл, судалгааны үр дүнг их, дээд сургуулийн сургалтад ашигладаг механизмыг бүрдүүлж, сургалт, судалгаа, инновацын төвүүдийг их, дээд сургуулиуд дээр байгуулсан байх”, “Усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх замаар тэжээл, төмс, хүнсний ногооны тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлсэн байх”, “Малын гаралтай түүхий эд боловсруулах, экспортлох үйлдвэр, технологийн парк байгуулж, ажлын байрыг шинээр бий болгож, малчдын орлогыг өсгөсөн байх”, “Гадаадын хөрөнгө оруулалт, худалдааг дэмжсэн төрийн зохицуулалтыг боловсронгуй болгож, нэг цонхны нэгдмэл бодлого хэрэгжүүлж хэвшсэн байх”, “Аймаг, сумын төвийн бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт хамруулж, сумдад “Сумын хөпжил" хөтөлбөр хэрэгжүүлэх", “Хоршооны тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад дорвитой хувь нэмэр оруулсан байна." зэрэг зарчмын саналуудыг төсөлд нэгбүрчлэн тусгажээ.
Тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэлийг хуралдаан даргалагчаас өгсний дагуу “Шүүх засаглалыг улс төр, бизнесийн бүлгийн ашиг сонирхлоос ангид, хараат бус байлгаж, шүүхийн үйл ажиллагаанд шударга ёсыг тогтоож, иргэдийн итгэлийг сэргээсэн байна” гэж, мөн Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэтийн 100 км хатуу хучилттай автозам төслийг (Орхоны гүүр-Төв аймгийн Жаргалант сум) гэж тодорхой болгох, “Дархан, Эрдэнэт болон бусад том хотуудыг улсын зэрэглэлтэй болгож, хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлэх хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлсэн байна." гэж саналуудыг найруулгын засвар хийж бэлтгэсэн байна.
Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн ч Байнгын хорооны хуралдааны эцсийн хэлэлцүүлгийн явцад дахин санал хураах шаардлагатай гэж хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь үзэж, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 43.2.3 дахь заалтыг үндэслэн санал хурааж дэмжигдсэн саналуудыг УИХ-ын гишүүн Д.Батлут санал, дүгнэлт танилцуулах үеэрээ нэг бүрчлэн дурдав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Ганболд, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, Эдийн засийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар болон Засгийн газрын сайд нараас хариулт, тайлбар авав. Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураан шийдвэрлэсэн. Дараа нь “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 59 гишүүний 40 нь буюу 67.8 хувийн саналаар дэмжив. Ийнхүү Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлагдсан юм.