Монголын нутгаар байгалийн хий дамжуулах төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах компани байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-25 17:19:12
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын "Газпром" НХН-ийн УЗ-ийн дарга Алексей Миллер нар өнөөдөр цахимаар хуралдаж,  Оросоос Хятад руу Монголын нутгаар байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн хүрээнд хамтран ажиллах хэтийн төлөвийг хэлэлцлээ.


Энэ үеэр Шадар сайд Я.Содбаатар "Газпром" НХН-ийн УЗ-ийн дарга Алексей Миллер нар тусгай зориулалтын компани байгуулах талаар харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурав. Тус компани нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулах бөгөөд хийн хоолой барих, ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулах юм.


Уг төслийг ОХУ-ын талаас "Газпром” НХН, БНХАУ-ын талаас “CNPC” корпораци, Монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК тус тус хариуцан ажиллаж байгаа ба ирэх долоо хоногт “Газпром” болон “Эрдэнэс Монгол” компани хооронд нууцлалын гэрээ байгуулахаар болов.


Ташрамд дурдахад, “Сибирийн хүч-2” төслийн зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2020 оны 3 сард Газпром компанид олгосон билээ. Тус хоолойгоор Монголын нутгаар жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулж Монгол Улс жилдээ 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой юм.








Холбоотой мэдээ