Улсын төсвөөр хийгдэж буй ажлууд 65-80 хувийн гүйцэтгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-08-24 19:14:53

Завхан/МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд  2020 оны эхний хагас жилийн байдлаар нийт 35 барилга угсралтын ажилд эхлүүлэх,  үргэлжлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ олгосон. Үүнээс хувийн хөрөнгө оруулалттай тав, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалттай 30 барилга  байгууламжийн ажил хийгдэж байна гэж аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас мэдээлэв.

Энэ онд улсын төвлөрсөн төсвөөр он дамжин баригдах 28, шинээр эхлэн баригдах 21,  засвар шинэчлэлтийн 11 барилга байгууламж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр он дамжин баригдах 9, шинээр эхлэх 9 барилга байгууламж, засвар шинэчлэлтийн дөрвөн ажил, төсөл хөтөлбөрийн зургаан ажил хийгдэж байна.    

Өнөөдрийн байдлаар он дамжин баригдах 28  барилгаас Их-Уул сумын 640 хүүхдийн хичээлийн байр, спорт заал, Тосонцэнгэл сумын 640 хүүхдийн хичээлийн байр, Идэр сумын сумын 200 хүний суудалтай соёлын төв, Баянтэс сумын 300 хүний суудалтай соёлын төвийн барилгын ажлууд хэвийн явагдаж байна.


Барилгын ажлын явц 60-80 хувьтай байна. Харин Эрдэнэхайрхан сумын ЗДТГ-ын барилга, Улиастай сумын 2-р сургуулийн 640 хүүхдийн хичээлийн байр, спорт заал, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын конторын барилга, 800 хүний суудалтай Хөгжимт жүжгийн театрын барилгууд мөн 75-80 гаруй хувьтай явагдаж байна. Улиастай сумын Баазын хэсгийн бохир усны ажил, Улиастай сумын Гудамж төсөл, Алдархаан сумын Сумын төвийн шинэчлэлт, Нисэх буудлын авто замын уулзвараас Алдархаан сумын төв хүртэлх 6.7 км хатуу хучилттай авто зам,15 ортой ЭМТ-ийн барилгын ажлуудын барилга угсралтын ажил эхэлсэн, үе шатны ажилд хяналт тавин ажиллаж байна гэв.

Алдархаан сумын дэд бүтцийн ажил энэ ондоо дуусна


Завханы Алдархаан сумын төвийн шинэчлэлт 4.8 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр гүйцэтгэж байна.

Он дамжин баригдаж буй Алдархаан сумын Шинэ сум төслийн гүйцэтгэгчээр “Бурхант Хясаат” ХХК, ерөнхий төлөвлөгөөг “Сонголт дизайн” ХХК  гүйцэтгэжээ. Төслийн хүрээнд тус суманд цэвэрлэх байгууламж, усан сангийн тоног төхөөрөмжийн угсралтын ажил 70 хувьтай байна. Харин бохир усны 2043 м урт шугам, дулаан цэвэр усны шугамын 1500 метрийн гурван хос шугамын ажил 85 хувьтай байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн явган зам, ногоон байгууламжийн ажил 65 хувьтай, авто замын далангийн ажил 50 хувь, халаалтын зуухны барилга угсралтын ажил 60 хувьтай гээд нийт барилга угсралтын ажил 65 хувьтай явагдаж байна. Эдгээр бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлтэй аймгийн холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран тодорхой хуваарийн дагуу хяналт тавьж ажиллаж байна гэлээ.

Шинэ сум төсөл  манай аймагт амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд улсын болон орон нутаг, төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа томоохон ажил юм гэж аймгийн ГХБХБГ-аас мэдээлэв.


Гудамж төслийн ажил хэвийн явж байгаа


Завхан аймагт 2020 онд инженерийн дэд бүтцийн чиглэлээр хийгдэж буй томоохон төсөл хөтөлбөрийн нэг нь Улиастай сумын Гудамж төсөл юм.

Тус ажлыг улсын төсвийн 9.8 тэрбум төгрөгийн өртгөөр “Төгс Зам” ХХК он дамжин гүйцэтгэж байна. Гудамж төслийн хүрээнд 1,4,5-р хэсгийн 3.7 км авто замд 4 см суурь асфальт, бусад хэсгүүдийн 10000 м авто замын хашлага хийгдээд байгаа. Мөн холбоо, цэвэр усны 110ш лотки, Явуугийн гудамжинд борооны ус цуглуулах 38 худаг, ус дамжуулах 1200м шугамын ажлыг бүрэн дуусгажээ. Түүнчлэн Ногоон хашааны арын замд гурван ширхэг үерийн ус зайлуулах хоолойг хийгээд байгаа. Өнөөдрийн байдлаар тойргийн хэсгийн замд дөрвөн секцтэй найман ширхэг, гурван секцтэй гурван ширхэг, хоёр секцтэй 12 ширхэг гэрлэн дохиог суулгасан байна.


Мөн замын трасст орсон 80 ширхэг улиасыг буулгаж 2000 ширхэг үрсэлгээ бэлтгэсэн. Одоогоор дулааны шугамын сувагчлал, явган замын хавтан, Явуугийн гудамжны зүлэгжүүлэлтийн ажлууд хийгдэж байна. Ажлын явц 75 хувьтай явагдаж байна. Ташрамд Улиастай хотод шинээр баригдах 25 мВт-ын дулааны станцын тендер 06 сарын 27-нд нээгдсэн тендер үнэлгээний шатанд байна хэмээн аймгийн ГХБХБГ-аас тус тус мэдээллээ.



Холбоотой мэдээ