АБГББХ: Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-24 18:28:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд явуулав.


Тогтоолын төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэж хуульчилсан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчлэн баталсан. Ингэснээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг 30 жилээр, хөгжлийн зорилтот дэд хөтөлбөрүүдийг 10 жилээр, Монгол Улсын хөгжүүлэх үндсэн чиглэлийг улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хамт 5 жилээр тус тус батлан хэрэгжүүлэхээр болсон. Иймд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах” төслийг боловсрууллаа. Сүүлийн 30 жилд хөгжлийн бодлого төлөвлөлт болон залгамж чанар нэлээдгүй алдагдсан учраас хөгжлийн бодлого төлөвлөлтийг хуульчилсан гэлээ.  


Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн С.Батболд, П.Анужин,  Н.Алтанхуяг, Ш.Адьшаа нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн асуултад Ажлын багт хүрэлцэн ирсэн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах салбар яамдын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар, газрын албан тушаалтнууд хариулт өгөв.


УИХ-ын гишүүн С.Батболд таван жилийн үндсэн чиглэлийг баталснаар үр дүнг нь хэрхэн дүгнэх, үнэлэх талаар,  П.Анужин хүний хөгжлийн бодлогыг хэрхэн харж байгаа талаарх тодорхойлолтоо зөв болгох, манай улсад хамгийн ноцтой асуудал болсон эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг уртасгах бодлогыг төрийн цогц бодлогод оруулах, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний чанарын талаар, ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолонд генетикийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүнээр хангахаар заалт оруулах талаар  Н.Алтанхуяг хийх ажлыг илүү нарийвчлах талаар асууж, хариулт авлаа.


Асуулт, хариулт дууссанаар тогтоолыг төслийг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ