Монгол цэргийн нэгдсэн холбооны салбарыг Төв аймагт байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-08-21 09:45:30

Төв /МОНЦАМЭ/. Монгол цэргийн Нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, төлөөлөгчид, ажлын албаны бүрэлдэхүүн Төв аймагт ажиллаж, салбар холбоогоо байгууллаа.

Арга хэмжээнд аймгийн удирдлагууд, Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол цэргийн Нэгдсэн холбооны Ерөнхий нарин бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх, Монгол цэргийн Нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Алтангэрэл тэргүүтэй Монгол цэргийн Нэгдсэн холбооны төлөөлөл, Төв аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, бие бүрэлдэхүүн, бэлтгэл болон чөлөөнд байгаа офицер, ахлагч нар оролцсон юм.

Монгол цэргийн Нэгдсэн холбооны Төв аймаг дахь салбар холбооны даргаар аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатарыг томилж, батламж, тугийн хамт гардуулсан бөгөөд энэ үеэр шинэхэн байгуулагдаж байгаа салбар холбооны цаашдын ажлын чиг үүрэгт тусгахуйц саналуудыг хүлээн авч, удирдах зөвлөл байгуулах асуудал дээр нэгдсэн шийдвэрт хүрлээ.  Уг арга хэмжээний дараа ажлын хэсгийнхэн Монгол улсын баатар Дуламдоржийн Самдангийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Ташрмад, Монгол цэргийн Нэгдсэн холбоог анх “Цэрэг эх оронч үндэсний үзэл бахархлыг дэмжих, ард түмнийг соён гэгээрүүлэх, Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын оюуны дархлаа, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх, үйлсэд төр, иргэний нийгмийн байгууллагууд, цэргийн үүрэгтнүүд иргэдийг нэгтгэх” зорилго дор 2019 оны 4 дүгээр сард байгуулсан бөгөөд тэргүүнээр нь Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажиллаж байгаа аж. 

Холбоотой мэдээ