Дүйцүүлэх албаны иргэд 340 хоног үүрэг гүйцэтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-08-19 10:20:04

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэд онцгой нөхцөл байдлын үед давхардсан тоогоор 340 хоног үүрэг гүйцэтгэлээ гэж аймгийн цэргийн штаб мэдээллээ.

Сүүлийн гурван жилд 140 иргэн гэрээ байгуулан цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааснаас ой хээрийн түймэр, малын гоц халдварт цэцэг, шүлхий зэрэг өвчнүүдийн үед ажиллаж үүрэг гүйцэтгэсэн байна.

-Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж, хугацаа дуусаж, холбогдох журмын дагуу цэргийн алба хаасанд тооцох болзлыг хангасан иргэдийг аймгийн Засаг даргын захирамжаар цэргийн дүйцүүлэх албанаас бэлтгэлээр халлаа. Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан "Оюутан-цэрэг" хөтөлбөрийн цэргийн мэргэжил олгох сургалтын журмын дагуу 2018, 2019 онд аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийг түшиглэн 25 суралцагчийг оюутан цэргийн сургалтад хамруулан цэргийн албыг нь хаалгалаа гэж аймгийн цэргийн штабын офицер, ахмад Ц.Цэрэнтогтох ярилаа.

Мөн тус аймгаас 2017 оноос хойш Зэвсэгт хүчинд 12, Хилийн цэрэгт 16 залуучууд өөрсдийн саналаар гэрээт цэргийн албанд элсэн алба хааснаас тав нь ахлагчийн бүрэлдэхүүнд орж байнгын ажлын байртай болсон байна.

Холбоотой мэдээ