Өндөр технологи ашигласан 50 гаруй үйлчилгээг иргэдэд хүргэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-08-18 18:19:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнөөдрийн байдлаар “Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал”, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагын систем”, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан бичиг хөтлөлтийн систем”, “smartcar.mn” зэрэг ухаалаг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Ухаалаг хот гэдэг нь техникжиж технологижсон хот биш юм. Энэ нь тухай бүр шуурхай танин мэдэж, шийдвэрлэх чадвартай байх асуудал. Үүний тулд өгөгдлүүдийг бүрэн, тасралтгүй цуглуулан инженерчилсэн сан бүрдүүлж боловсруулдаг, тулгарсан асуудлынхаа суурь шалтгааныг тухай бүр шуурхай танин мэдэж үр дүнтэй шийдвэрлэдэг байх, хотын оршин суугчид суурь хэрэгцээгээ харилцан тогтвортой хангахад шаардлагатай хүртээмжтэй нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэйг өнөөдөр болсон “Ухаалаг Улаанбаатар” танхимын хэлэлцүүлэг дээр судлаачид онцолж байв. 

Хэлэлцүүлэг нь НИТХ-ын дарга Р.Дагвын санаачилгаар болсон юм. Тэрээр хэлэхдээ, “Улаанбаатар хот ухаалаг болно гэдэг нийслэлийн нийт иргэдийн хүсэл. Ухаалаг болж, технологийн дэвшлийг амьдралд нэвтрүүлснээр эдийн засгийн үр өгөөж хүртэх, амьдрах орчин сайжрах, цаашлаад дэлхийн жишигт нийцэх боломжтой. 


Энэ ч үүднээс эрдэмтэн, судлаачидтай хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Улаанбаатар хот “ухаалаг засаглал” талдаа технологийн шийдлүүдийг илүү ашиглах хэрэгтэй. Одоогийн байдлаар өндөр технологийг ашиглах замаар 50 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Цаашдаа бүтэц, үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг ухаалаг болгох шаардлагатай” байгааг тэмдэглэв.

НИТХ болон “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ хамтран зохиосон хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын Инновац технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат, НИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба, нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайхан болон залуу судлаачид, мэргэжилтнүүд оролцов.


Холбоотой мэдээ