Ч.Хүрэлбаатар: 100 мянган ажлын байр хадгална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-17 20:34:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы хуралдаанаар 2020 оны төсвийн тодотгол болон Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулав. 


Монгол Улсын 2020 оны төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа COVID-19 цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгжийг дэмжиж, эдийн засгийн идэвхжүүлэх, иргэдийн орлогыг хамгаалах чиглэсэн зарим арга хэмжээг үргэлжлүүлэхээр тусгасан. Мөн цар тахлын эрсдэлээс иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэхэд шаардлагатай санхүүжилтийг тэргүүн ээлжинд шийдвэрлэх, эскпортыг нэмэх арга хэмжээнүүдийг цаг алдалгүй, шуурхай хэрэгжүүлэх, иргэд бизнес эрхлэгчдэд үзүүлэх төрийн үйлчилгээ, бүх төрлийн тусгай зөвшөөрлийг цахим болгох замаар төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлтэй уялдуулан санхүүжүүлэх гэсэн таван үндсэн зарчмыг баримтлахаар болсон. Тодруулбал, хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгох, нийгмийн халамжийн тэтгэмжийг 100 мянгаар нэмэгдүүлсэн, хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаа шаардагддаг хүүхдэд 100 мянган төгрөг олгох зэрэг арга хэмжээг он дуустал хэрэгжүүлэх юм. Харин нийгмийн даатгалын шимтгэлийг 10 дугаар сарын 1 хүртэл тэглэсэн байсан. Тэгвэл үүнийг ажил олгогч 5 хувь, ажилтан 5 хувь буюу нийт 10 хувь байхаар тооцжээ.


Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбумаас доош аж ахуйн нэгжид ногдуулдаг ААНОАТ-ын тэглэх арга хэмжээг үргэлжлүүлнэ. Үүнд түрээсийн төлбөрөө багасгасан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногддог ААНОАТ ч багтах юм. Түүнчлэн Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж хилээр оруулж ирэхэд гааль, НӨАТ-аас чөлөөлж буй арга хэмжээг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ. Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоход 322 тэрбум, НДШ-ийг 10 хувь болгосноор 144 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай. Эрүүл мэндийн салбарт нийт 118.6 тэрбум төгрөгийн зардал нэмэгдэж байгаа юм. Шинэ коронавирусний цар тахалтай холбоотой дэлхийн эдийн засаг 2020 онд 5-6 хувиар агших төлөв ажиглагдаж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллийнхээ үеэр дурдав. Тэрбээр, "Эдийн засаг 2020 онд агших ч 2021 онд 5-7 хувиар тэлнэ гэсэн судлаач, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Үүнтэй уялдуулан төсвийн тодотголын тооцоог гаргасан байна. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын хувьд, энэ жил гэрээ байгуулаагүй, тендер зарлаагүй обьектуудын зардлыг танаж санхүүжих дүнг багасгаснаар 520 тэрбум төгрөг гарган авах аж.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсан. Гишүүд, аж ахуйн нэгжүүд дампуурах эрсдэл үүсээд буйг онцлоод, тэднийг хэрхэн дэмжихийг асууж байв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, төсвийн алдагдал 3.8 их наяд байгааг дурдаад, хэцүү цаг үед боловсрол, эрүүл мэндийн салбараас хөрөнгө танахгүй төсвөө тодотгох хэрэгтэйг сануулав. Тэрээр, Оюутолгой ордоос өнгөрсөн хугацаанд 250 тонн алттай тэнцэх баялаг гарсан байгааг тэмдэглээд, Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг шалгах ажлын багийн ажлыг шуурхайлах хэрэгтэйг хэлж байв.


ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Оюутолгойтой холбоотой татварын асуудлаар Засгийн газраас Арбитрын шүүхэд хандсан гэдгийг хэлээд, далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээнд таван заалт бүхий өөрчлөлт оруулах санал тавьсан хэмээлээ. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хэвээр үлдээж 100 мянган ажлын байр хадгалахаар тооцсон гэдгийг тайлбарлалаа. Ингэснээр, 1400 орчим обьектын ажил үргэлжилж одоогийн бүтээн байгуулалт хэвээр өрнөх аж. Нийгмийн халамжийн зардлыг танахгүйгээр үргэлжлүүлэх нь эдийн засгийн эргэлт бий болгож аж ахуйн нэгжийг дэмжинэ гэв. 


Гишүүд нүүрсний экспортыг он дуустал ямар хэмжээгээр экспортлохоор тооцсоныг лавлаад, дахин төсөвт тодотгол хийх эрсдэлд хүрэхвий гэсэн болгоомжлол байгаагаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Т.Доржханд, ирэх жил манай улс бондын өр төлөх ёстой гэдгийг сануулаад, төсвийн алдагдал нэмэгдсэн үед зээлжих зэрэглэл буурах эрсдэлтэй гэдгийг тэмдэглэв. Тэрээр, ирэх жилүүдэд төлөх бондуудын өрийг хэрхэн төлөхөөр тооцож байгааг лавлав. 


УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Улаанбаатар хот 2020 оны төсвөөр 319.4 тэрбумыг төвлөрүүлэх ёстой ч өнөөдөр 30-40 хувийн биелэлттэй байгааг дурдав. Тэрээр, 119 обьектын зардлыг ямар шалтгаанаар хасаж байгааг тодрууллаа. 


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, гадаадын зээл тусламжаар төсвийн дэмжлэг орж ирнэ гэдгийг дурдаад, одоо 299 сая ам.долларын дэмжлэг аваад байгааг дуулгав. Цаашид Жайка, Азийн дэд бүтцийн хөгжлийн банк зэргээс төсвийн дэмжлэг авах гэрээ хэлэлцээг байгуулсан гэлээ. Ингэснээр, гадаадын дэмжлэг олгож байгаа байгууллагууд хатуу хяналт тавьдаг тул хөрөнгө мөнгийг үргүй зарцуулах боломжгүй гэдгийг тайлбарлав. Бүх зардалд аудит хийлгэж тайлагнана хэмээн тодотгов. 


Нүүрс экспортын хувьд, холбогдох яамд сайн ажилласны дүнд эргэн сэргэж байгаа, төсвийн тодотголд 25 сая тонн нүүрс цаашид экспортолно гэж тооцсон хэмээв. Зэсийн үнэ 6400 төгрөгөөр унасан ч тогтворжуулалтын санд 149.7 тэрбум төгрөг байгаа, алдагдлаа нөхөх боломжтой гэв. 


Улаанбаатар хотоос 319.4 тэрбум төгрөг төвлөрүүлэх байсан ч өнөөдрийн байдлаар 30-40 хувийг нь бүрдүүлжээ. Нийслэлд 119  төслийг гэрээ байгуулаагүй гэсэн шалтгаанаар хөрөнгө оруулалтыг нь хасаж 2021 оны төсөвт суулгахаар болжээ. 


Төсвийн алдагдал оны эцэст 3.8 их наядад хүрэх ч Засгийн газар төсөв тодотгохдоо эдийн засгийн өсөлтийг хоёр жилээр нь тооцсон гэдгийг тэмдэглэв. Ирэх онд эдийн засаг өснө гэж эрдэмтэн судлаачид үзэж байгаа, БНХАУ-ын эдийн засаг ч одооноос сэргэж байгааг дуулгав. Засгийн газраас 1.2 их наяд төгрөгийн үнэт цаасыг Блокчейн технологид суурилан олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн гэлээ.


Үргэлжлүүлэн Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийснээр, чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Холбоотой мэдээ