Прокурорын байгууллага 90 жилийн ойгоо тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-08-17 15:41:57

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас хүндэтгэлийн үйл ажиллагаагаа зохион байгуулж, тэргүүний алба хаагчдаа шагнан урамшууллаа.

Тус арга хэмжээнд аймгийн болон хуулийн байгууллагын удирдлагууд оролцож, баяр хүргэн шударга ёсыг эрхэмлэн дээдлэх, хуулийг хэрэгжүүлж,  хуулийн биелэлтэд хяналт тавих ажилд нь амжилт хүссэн юм.

Аймгийн Прокурорын газраас 90 жилийнхээ ойн хүрээнд “Прокурор-9” аяныг зохион байгуулж, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих чиглэлээр сургалт, шалгалтын ажлуудыг хийсэн байна. Үүний үр дүнд хорихоос өөр төрлийн ялаас зайлсхийсэн таван хүнийг олж тогтоосон бол нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн таван ялтны ялыг хорих ялаар солиулжээ.

Мөн “Хохирол, төлөлт” нэгдсэн арга хэмжээг 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангитай хамтран зохион байгуулж, хоригдлын хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс олголтод хяналт тавин албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгсөн байна. Энэ үеэр хохирогчдод төлбөр төлөх хоригдлуудтай уулзаж, санал солилцсоноор бусдад учруулсан хохирлыг төлүүлэх ажлыг эрчимжүүлээд байгаа аж.

Холбоотой мэдээ