Казахстан Улсад туслах "Сэтгэлийн дэм" аянд 400 орчим хүн нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-08-12 14:04:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Манай улсын зарим иргэдийн санаачилгаар ковид-19 вирусний халдвар эрчимтэй тархаж, 100 мянга гаруй хүн өвчилсөн Казахстан Улсад туслах “Cэтгэлийн дэм” аяныг өнгөрсөн сарын 2-ны өдрөөс энэ сарын 7-ны өдрүүдэд өрнүүлэв.

Аяныг Ш.Жандос, Ш.Асхар, С.Гүлжаухар, А.Даргерхан, С.Айсар, С.Серікжан, Х.Нургүл, Ө.Асхар нарын иргэд зохион байгуулж, Монгол Улсын хэмжээнд 400 орчим иргэн нэгджээ.

"2016, 2018 онуудад манай улсын зарим аймгуудад үерийн гамшиг тохиолдоход Бүгд Найрамдах Казахстан Улсын зүгээс 700 мянган долларын тусламжийг үзүүлж байсан билээ. Хүнд хэцүү үед нэг нэгэндээ туслах зорилгоор иргэд сайн санааны үндсэнд нэгдэн 12 сая төгрөгийн хандив цуглуулж, Казахстаны Улсаас манай улсад суугаа ЭСЯ-д хүлээлгэж өглөө. Бидний санаачилгыг идэвхтэй дэмжиж, хандив өргөсөн бүх хүмүүст, Улаанбаатар хотоос ирж дэмжлэг үзүүлсэн дуучин Б.Анхбаяр /A Cool/-т баярлан талархаснаа илэрхийлье" хэмээн зохион байгуулагчид хэллээ.

Ташрамд дурдахад, өнөөдрийн байдлаар Казахстан Улсад ковид-19 халдварын 100885 тохиолдол бүртгэгдэж, 1313 хүн нас бараад байгаа ажээ.     

Холбоотой мэдээ