А.Амбасэлмаа: 677 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2020-08-12 16:37:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид өчигдөр нийт 677 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүйг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээллээ.


Үүнд, наймдугаар сарын 11-нд Прага-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүн, долдугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 264 хүний давтан шинжилгээ,  Дархан-Уул аймаг, ХӨСҮТ, бусад ажиглах байранд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн 21 ажилтан, тандалтын зорилгоор цуглуулсан 8 хүний шинжилгээ, Дорноговь аймгийн Замын-Үүдэд тусгаарлагдсан 6 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 2 хүний давтан шинжилгээ,  Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 21 жолоочийн шинжилгээ, Орхон аймагт тусгаарлагдсан 71 хүний, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг хүний, Баруунхараа хотод тусгаарлагдсан 23 хүний шинжилгээ тус тус багтсан байна.


ХӨСҮТ-өөс өнөөдөр 6 хүн эдгэрч дараагийн эмчилгээндээ шилжиж байна. Эдгээр нь энхийг сахиулагчид, долдугаар сарын 29-ний Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүс юм.


Монгол Улсад 293 батлагдсан тохиолдол байгаа бөгөөд 269-ийг нь эдгээгээд байна. Эдгэрсэн хүмүүсийн 50 нь сувилалд 26 нь гэрийн ажиглалтад байгаа бол, 193 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ. ХӨСҮТ-д эмчлүүлж буй 24 хүний биеийн байдал хөнгөн байгаа бөгөөд харин тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт байгаа элэгний хатууралтай, бөөрний дутагдалд орсон нэг хүний биеийн байдал маш хүнд байгаа аж. 

Холбоотой мэдээ