Отроор өвөлжих малын тоог судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-08-11 17:30:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Отрын бүс нутгийг хуваарьтай ашиглаж малчдад хүргэх үйлчилгээг сайжруулах талаар ХХААХҮ-ийн З.Мэндсайхан бүсчилсэн уулзалт дээр аймгуудын удирдлагад үүрэг болгосон. Үүний дагуу салбарын яам малчдын отор нүүдэл хийх бүс нутгийг улс, аймаг, бүс хэмжээнд тогтоохоор ажиллаж байна.

Одоогоор аймгийн Засаг дарга нар отор нүүдэл хийх малчдын тоо судалгааг гаргаж байна. Өнгөрсөн жил 10 гаруй сая толгой мал өөр аймаг, сумын нутагт өвөлжсөн. Харин энэ жил отроор өвөлжих малын тоог багасгах бодлогыг яамнаас  барьж байна. Ингэхдээ аймаг сумдад шинээр сум дундын отрын бүс тогтоох талаар ХХААХҮЯ-наас мэдээлж байна.

Тухайлбал, Дундговь аймгийн Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумын хил дундын нуруунд отрын бүс байгуулахаар төлөвлөжээ.


Өнгөрсөн жил 10 гаруй сая толгой мал өөр аймаг, сумын нутагт өвөлжжээ.


Отрын бүс нутгийг тогтоосны дараа эхний ээлжинд худаг ус гаргаж, малчид өвс тэжээлээ хадгалах агуулах бэлдэх. Нөгөө талдаа хадлангийн талбайг хаших, бүр цаашилбал усалгаатай тэжээл тариалах, усалгаатай тариаланг хөгжүүлэхээр төлөвлөжээ. 

Улсын хэмжээнд аймаг дундын 9 отрын бүс нутаг бий. Энд 700 орчим мянган толгой мал өвөлждөг. Одоогоор аймаг дундын отрын бүс нутагт өвөлжих малын тоог гаргахаар судалж байна. Энэ сарын 25-наас отрын бүс нутагт өвөлжих малын тоо хэмжээ гарна.


Холбоотой мэдээ