Хүчирхийлэлд өртсөн иргэд, хүүхдүүд дэмжих сургалтаар сэтгэл заслын үйлчилгээг авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-08-07 20:01:45

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг  нэг цэгийн үйлчилгээний төвд хүлээн авч үйлчилж байна. Уг төвийг Дархан  -Уул аймгийн ИТХ-ын 2018 оны 06 дугаар сарын 29 -ний өдрийн 65 дугаар тогтоолоор Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулах шийдвэр гарч 16 өрөө бүхий хоёр давхар 501 м кв талбайтай байрыг орон нутгийг хөгжүүлэх сангаас 250 сая төгрөгөөр худалдан авчээ.

Уг байрыг Щвейцарийн  хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлж буй Жендерт Суурилсан Хүчирхийлэлтэй тэмцэх төслийн санхүүжилтээр иж бүрэн тохижуулж 2018 оны 11 дүгээр сарын 22- ноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Тус төв нь  үйлчлүүлэгчийг байрлуулах 8 өрөөнөөс гадна үйлчлүүлэгчийг хүлээн авах өрөө, уулзалтын өрөө, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөө, эмчийн өрөө,  гал тогоо, сургалтын өрөө , чөлөөт цагаа өнгөрүүлэх өрөө, тоглоомын өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг хүлээн авах өрөөнүүдтэй ажээ.

Нэг цэгийн үйлчилгээний төв нь анх байгуулагдахдаа долоон ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол өнөөдрийн байдлаар дөрвөн орон тоог нэмж улсын төсөвт суулгаснаар нийт 11 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагааны зардал, ажилчдын цалин хөлс улсын төсөвт суусан учир гурван ээлжээр 24 цагийн турш тасралтгүй тогтвортой үйл ажиллагаагаа явуулдаг аж.

Тус төвөөр үйлчлүүлэхээр ирж буй иргэд, хамтарсан багийн гишүүд зэрэг хүмүүстэй хувь хүний нууцлалын тухай хуулийн дагуу гэрээ байгуулж ажилладаг. Тухайн төвд ирсэн иргэдийн сэтгэл санааг тайвшруулах зорилгоор олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг ажээ. Үүнд: Үйлчлүүлэгчдийг эрүүл мэндийн байгууллагуудад холбон зуучлах, хэвтүүлэн эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх,  Шүүх эмнэлэгт үзүүлэх,  Иог, бясалгал, тоглоомын төв, нэгдсэн арга хэмжээнд оролцуулах, сурагчдыг сургуульд хүргэх авах,  шалгалт өгөхөд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын аюулгүй унаагаар үйлчилдэг  байна.


Дэмжих бүлгийн сургалтад үйлчлүүлэгч, ажилчид хамтран оролцдог онцлогтой

Тус төвөөр үйлчлүүлэгчдийг дэмжих бүлгийн сургалт, хүүхдийн хөгжлийн хөтөлбөрүүдэд хамруулж сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын хүүхдүүдэд боловсролын үйлчилгээг тасралтгүй олгохоос гадна анги удирдсан багш, сургуулийн нийгмийн ажилтантай холбоотой ажиллаж байна.

Хүүхэд хөгжлийн ордны багш нарыг урьж  драм, бүжиг, шатрын дугуйланд хүүхдүүдийг хамруулдаг ажээ. Дэмжих бүлгийн сургалтаар ээжүүдийг төсөл бичих чадварт сургах, дээл эсгэх оёх, сувдан болон шүрэн урлал, хатгамал оёулснаар хийж буй бүтээлээсээ сэтгэлийн тайвшрал авч сэтгэлийн заслын нэг төрлийн үйлчилгээ болдгийг хэлж байлаа. Мөн зуны улиралд үйлчилгээ авч буй хүүхдүүдийг Зулзагын гол хүүхдийн зусланд үнэ төлбөргүй амрааж сэтгэл санааг нь өргөх бүхий л талын арга хэмжээг авч ажиллаж байна.


Тус төвийн үйлчлүүлэгч болон ажилчдад Монгол улсын Зөвлөх агрономич О.Цэцэгээ хүнсний ногоо тарьж ургуулах арчлах аргыг зааж зөвлөгөө өгчээ. Ингэснээр төвийн ажилчид өөрсдөө хашаан доторх тохижилтыг хийжээ. Тухайлбал, гадаа талбайгаа зүлэгжүүлж таван төрлийн жимсний  бут, шар хуайс тариалсан. Мөн Монгол саримс, сонгино, лууван, төмс, помидор, шийгуа тарьж ургуулж байна. Энэ нь тус төвөөр үйлчлүүлж байгаа хүмүүсийн стрессийг тайлах, мөн шинэ дадал чадварт суралцан ирээдүйд амьдралаа дээшлүүлэх боломжийг олгодог гэж Нэг цэгийн үйлчилгээний төвөөс мэдээлэв. 




Холбоотой мэдээ