Хүчирхийллийн хохирогч хамгаалах байранд дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-07 18:15:11

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт “Хүчирхийллийн хохирогч хамгаалах байр” шинээр баригдсан юм. Тус байрны дотоод тохижилтод зориулж “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллага 20 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ.

“Хүчирхийллийн хохирогч хамгаалах байр” барих тухай асуудлыг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгаж, санхүүжилт хүлээсээр олон жил болсон. Улмаар өнгөрсөн 2019 онд санхүүжилтийг шийдвэрлэснээр Ховд аймаг ийнхүү бие даасан хамгаалах байртай болсон юм.

Тэгвэл өдгөө хүчирхийллийн хохирогчдыг хамгаалахын зэрэгцээ ая тухтай орчин бүрдүүлэх, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэх зэрэг хамгаалах байрны стандартад нийцсэн тохижилт хийх зайлшгүй шаардлага бий болсон. Тиймээс хамгаалах байрны дотоод тохижилтыг стандартын дагуу бүрдүүлэх зорилгоор аймаг орон нутгийн удирдлагууд мэргэжлийн байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрийн газарт хүсэлт гаргажээ. Ингээд одоогийн байдлаар эхний шатны санхүүжилт авсан байна.

Тодруулбал, дэлхийн 189 оронд хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллага нь орон нутгийн удирдлагын саналыг хүлээн авчээ. Улмаар 20 орчим сая төгрөгийн санхүүжилт бүхий гал тогооны иж бүрэн тавилга, цахилгаан хэрэгсэл, номын тавиур, хувцасны шүүгээ, ор, орны зөөлөн хэрэгсэл, сандал ширээ, хөшиг, камержуулалт зэрэг Ховд аймаг дахь хамгаалах байранд шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн юм.

Ховд аймгийн мэргэжлийн байгууллагуудад жил бүр хамгаалах байранд байрлах, хамгаалуулах зайлшгүй шаардлагатай гэх 100 гаруй хүн хүсэлт ирүүлдэг аж. Ингээд мэргэжлийн байгууллагын үнэлгээнд үндэслэн 70-80 орчим хүнийг хамгаалах байранд түр байрлуулж, үйлчилгээ үзүүлдэг гэх мэдээлэл бий.  

Холбоотой мэдээ