Даланзадгадад дахин шинэ сургууль барьж эхэллээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-08-10 13:11:39

Өмнөговь /МОНЦАМЭ/ 2020 оныг Өмнөговь аймаг Боловсролыг дэмжих жил болгон зарласан билээ. Зорилтот жилд хэд хэдэн суманд шинэ сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөн ажиллаж байгаа юм.

Үүний нэг нь аймгийн төв Даланзадгадад 1200 хүүхдийн сургууль барих ажлыг эхлүүллээ. Баруун сайхан, Гурвансайхан, Хавцгайт хорооллын хүүхдүүд 3-5 км явж сургууль, цэцэрлэгтээ очдог. Нийтийн тээвэр явдаг хэдий ч өвлийн хүйтэнд хүлээх, даарах, унаанаасаа хоцрох, хичээлдээ хоцрох гэх мэт хүндрэл бэрхшээлүүд мундахгүй. Тэгвэл Боловсролыг дэмжих жилийн хүрээнд хамрах тойргийн хүүхдүүдэд зориулсан 1200 хүүхдийн суудалтай шинэ сургуулийг барьснаар энэхүү асуудал эцэслэх юм. Энэхүү сургууль нь спорт, урлагийн заал, номын сан, цайны газар зэргийг багтаасан цогц бүтээн байгуулалт аж.  Өмнөговь аймаг, Оюутолгой компанийн хамтарсан "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" 10 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж хүүхдүүдийн сурах боломжийг бүрдүүлэх юм. Орон нутагтаа олон бүтээн байгуулалтыг хийсэн туршлагатай "Хүннүгийн говь" компани гүйцэтгэгчээр ажиллах бөгөөд 2021 оны 8 дугаар сард ашиглалтад оруулна.


 

Холбоотой мэдээ