Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ИБУИНХУ-ын Элчин сайдтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-30 17:29:53
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өнөөдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзав.


Элчин сайд Ф.Малоун Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.


Уулзалтаар сайд Н.Энхтайван COVID-19 цар тахлаас үүссэн шинэ нөхцөл, байдалд тохируулан Их Британид оршин сууж буй монгол иргэдэд зохих дэмжлэг болж байгаад талархал илэрхийлээд, цаашид үргэлжлүүлэн тусалж, дэмжихийг хүсэв.


Монгол, Их Британийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдааг нэмэгдүүлэх, олон улсын чанар, стандартад нийцсэн экспортын бараа бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэхэд Их Британийн хөрөнгө оруулалтыг татах зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Холбоотой мэдээ