“Нүүдлийн шувуудын диваажин” аяллын шинэ маршрут бий болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-15 14:30:44

Ховд аймгийн Алтайн нүүдэлчид ТББ-аас “Нүүдлийн шувуудын диваажин” шувууд сонирхогчдын анхны аялалыг санаачлан, дэмжигч байгууллагаар Хар ус нуурын БЦГ, аймгийн Байгаль орчны газар, Өөр өнцөг гэрэл зураг сонирхогчдын групп оролцлоо.

Гэрэл зураг авдаг, уран зурдаг уран бүтээлчдийг оролцуулан нүүдлийн шувуудын өдрийг тохиолдуулан аялал зохион байгуулснаар Ховд аймагт аяллын нэг маршрут шинээр гаргаж, уран бүтээлчдийн бүтээлээр дамжуулан Их нууруудын хотгор, түүний экосистем, шувуудыг талаарх мэдээллийг иргэдэд ойлгуулах чухал  алхам  боллоо.

Энэ аялал баруун бүс нутагт нүүдлийн шувууд сонирхогчдын анхны аялал бөгөөд уран бүтээлээр тусгай үзэсгэлэнг  гаргаж ойролцоогоор 10000 хүнд 10 өдөр үзэсгэлэнгээр дамжуулан шувууд түүний амьдрах орчинг таниулах юм.

Аялал энэ оны 05 сарын 7, 8-ны өдөр  Ховдоос-Шувуун цутгалан-Хэрс арал-Хар ус нуур-Буянт Мянгад-Улаан толгой-Юмын хоолой-Далай нуур-Хар нуур Элсэн хошуу Нийт 400 км-т аялал үргэлжиллээ.

Аялалд нийт 38 хүн оролцсоноос байгаль орчны байгууллагуудаас 22 хүн, гэрэл зураг сонирхогч, зураач 16 хүн оролцлоо. Энэ аялал баруун бүс нутагт анх удаа нүүдлийн шувуу сонирхсон аялал болсон юм.

           Д.Энх-Оргилын  “Зэгсэн хэрэм” зураг түрүүлэв

Нийт 8 зураачийн нуур экосистем, шувууд, аялагч аялалтай холбоотой шилдэг 159 зургийн сан, тухайн үеийн агшныг гар зурагт буулгасан 6 бүтээл энэ аяллаас гарлаа. Хоёр  төрлийн 6 номинацид уран бүтээлчдийг уралдуулсны зэрэгцээ уралдаанд оролцогч бүрт биологич, доктор О.Мөнхтогтох авсан шувууны зураг тус бүрийн тайлбарыг хүргэсэн нь ихээхэн сонирхолтой байлаа.

Нуурын цэнхэр мандал, цэлмэг хөх тэнгэрийг зааглан үзэсгэлэнтэй сайхнаар оршин буй зэгсэн хана хэрмийг яруу тодоор сайхан харуулжээ. Тэрхүү зэгсэн хэрэм нуурын тунгалаг цэнхэр мандал дээр өөрийн дүр төрхийг тольдон гоо үзэсгэлэнгээ шагшин буй дүр төрхийг харуулж чадсан Д.Энх-Оргилын “Зэгсэн хэрэм” хэмээх зураг Байгалийн (экосистемийн) дүр зураг төрөлд түрүүлжээ.

.

Харин аяллын үйл явдал, аялагчийг дүр төрхийг харуулсан гэрэл зургийн төрөлд  усны резинэн хувцастай нэгэн аялагч усан дотор зогсоод зураг авах гэж зэгсний зай завсраар ихээхэн хичээнгүйлэн зүтгэж байгааг байгааг харуулсан Мөнхзоригийн авсан “Шувуу зураглаач” хэмээх зураг тэргүүлсэн байна.

Усны шувуудын зураг авна гэдэг тийм амархан ажил биш гэдгийг энэ зурагнаас харж болно. Өөрөөр хэлбэл, сайтар бэлтгэж байж, дажгүй хөдөлмөрлөж байж сэтгэл ханасан, бас бусдыг сэтгэлийг хөдөлгөсөн зураг авдаг юм байна гэдгийг харуулжээ. 

Зураглаачид шувууны зан төрх, үйл хөдлөлийг харуулсан олон зураг дарсан билээ. Эдгээрээс тухайн зүйл шувууны биеийн галбир, зүйлийн танигдах гадаад шинж тэмдгийг тод харуулсан зургаараа Буянбатын “Бор галуу” хэмээх зураг  шувууны шилдэг  зургаар шалгарлаа.

Аяллын үр дүнд 20 гаруй зүйлийн шувуудыг зүсэлж мэддэг боллоо.

Тухайлбал: Anser anser-Бор галуу, Cygnus cygnus - Гангар хун,  Fulica atra – Халзан түнжүүр, Ardea cinerea- Хөх дэглий, Larus ridibundus - Хүрэнтолгойт цахлай. Podiceps cristatus- Отгот шунгуур, Platalea leucorodia- Цагаагчин халбагат. Egretta garzetta- Цасч дэглээ, Phalacrocorax carbo- Тураг гогой. Netta rufina – Улаанхушуу биваан, Platalea leucorodia- Цагаагчин халбагат, Улаанхушуу биваан (Netta rufina)- Алаг ээтэн (Recurvirostra avosetta), хүрэнтолгойт цахлай (Larus ridibundus), Hydroprogne caspia – Морин шунгуулай, хээрийн галуу, хондон ангир, хөх дэглий, бор нугас  зэрэг 20 гаруй зүйлийн шувуудыг зүсэлж мэддэг боллоо.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ