“Монгол дарханы урлахуйн ухааны дээжис” үзэсгэлэнд 320 үзмэр дэлгэжээ

Монголын мэдээ | Соёл урлаг
sodonizm@gmail.com
2020-07-30 11:25:04

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дархлах урлагийн 3000 гаруй үзмэр хадгалагдаж байна.  Энэ удаад  “Монгол дарханы урлахуйн ухааны дээжис” үзэсгэлэндээ музейн цуглуулагаас 320 гаруй үзмэрийг дэлгэжээ. 


Энэхүү үзэсгэлэнд алдарт Дарьганга, Далайчойнхор, Ноён сэрвэй, Батноров хийцийн бүтээлүүд багтаж байгаа бөгөөд Монголын алдартай дархдууд болох Чавганц Жамбал, Самбуу болон Далайчойнхор вангийн Ерэнтэйн урласан хэт хутга болон нэр нь үл мэдэгдэх дархдын урласан хатадын толгойн гоёл чимэглэл, лянганы багаж, шашны хэрэглэл, мөн Монголын аж ахуйн хэрэглэхүүнийг байгаа талаар Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн тайлбарлагч Г.Энхгэрэл онцоллоо. 


Монгол дархчууд хэдэн зуун төрлийн багаж хэрэглэн дарх хийх ба багажаа хэдийд хийж сурна тэр үед дөртэй дархан болно гэж үздэг байжээ. Дархлах барилаа эзэмших тусмаа багажаа байнга аривжуулдаг бөгөөд тэдгээрийг тухай бүрд нь чадамгай ашиглаж чаддаг дархчууд л урлан бүтээхдээ гойд байдаг. Дархчуудын багаж хэрэгсэл Дархны багаж нь нэр төрлөөр 30 орчим, тоо ширхэгээр 160-аад гаруй бөгөөд зарим дархных 500-600 байдаг байна.

Монгол дархны багаж дундаас хамгийн эрхмийг нь ноён гурван багаж гэж нэрлэдэг. Үүнд алх, дөш, хайч ордог бөгөөд дархнаас өөр хүн хүрэх ёсгүй нарийн нандин ёс цээртэй байдаг ажээ. “Даага эхдээ ялдам, дархан дөшиндөө ялдам” гэсэн Монгол ардын зүйр үг ч буй.



Энэхүү үзэсгэлэнд алх, дөш, хайч, халуун төмөр хавчих хавчаар, дэнс, шааван, хөөлтүүрийн багаж, тунсааны халбага, байвангийн халбага, дархны багажууд, хайлуурын тогоо, хөөлтүүрийн хэв, тунсааны тогоо, хээний хэв, чимхүүр, мөнгө цувигч багаж, цоож, гагнуурын тогоо зэрэг багаж хэрэгсэлийг дэлгэн тавьжээ. 

Дархны багаж хэрэгсэлийг өөр зүйлд хэрэглэх хориотой, мөн дөшин дээгүүр алхах, гар хүрэхийг цээрлэнэ. Дөш нь төмрийн зүйлсийг давтан цохих дархны үйлийн гол хэрэгсэл байснаас төмөр ширмээр бүтээсээр иржээ. Дөшинд ганс цохивол гунан үхрээр торгодог ёс байсан ажээ. Дөшийг бэйл, бэйс, ван, гүн хэмээн ялгамжтай нэрлэнэ. Түшмэдээс дархны урлаг ахмад хэмээн үзэж дархан хүнд ноёд язгууртан хүн толгой мэхийн урьтаж мэнд мэддэг байх ёстой бөгөөд гурван үе дамжин дөшинд гүн зэрэг олгох жишээтэй байжээ. Алхыг хэмжээгээр нь их, бага, дунд гарынх гэж ангилна. Зориулалтаар нь мөнгөн аяганы амсар шингээх, аяга доторлох, хулдах, тавны, хажны хөөлтүүрийн, цувцайны гэх зэргээр ангилна. 

“Монгол дарханы урлахуйн ухааны дээжис” үзэсгэлэнгээс онцолбол:


Хүрлийн үед холбогдох хүрэл илд: Энэхүү илд нь тус музейн хосгүй үнэт бүтээлүүдийн нэг юм. Өмнөговь аймгаас олдсон дээрх илд нь 2 талдаа иртэй, үзүүр хэсгээрээ хугарсан, янгирын толгойн бариултай, хүрлээр цутган хийсэн байна. МЭӨ II мянган жилийн тэртээгээс Евроазийн хээр тал нутагт зэсийг хар, цагаан туглагатай хольж хайлуулан хүрэл хэмээх шинэ төмөрлөгийг гарган хэрэглэх болсноор хүрэл зэвсгийн үе эхэлсэн байна. Монголоос хүрлээр хийсэн хутга, зэв, гоёл чимэглэл, аж ахуйн эдлэлүүд нэлээд олддог боловч илд төдийлөн олон байдаггүй байна. 


Монгол эр хүний гоёл зүүсгэл нь эмэгтэй хүний зүүсгэлээс овор хэмжээ бага, ажил хөдөлмөрийн өвөрмөц хувиартай зохицсон байдаг аж. Алт, мөнгө, эрдэнийн чулуун шигтгээ чимэглэл бага бөгөөд гол төлөв ган сийлбэр мөнгөн эдлэл хэрэглэдэг байна.  Хэт хутга нь эр хүний гоёлын нэг чухал хэсэг ба бүсэнд зүүх оосор хэмээх бэл, гал ноцоох хэтийн хамт хэрэглэнэ. Бүсэнд тээглүүлэхийн тулд хаш, шүр, мөнгө гангаар тээглүүрийг хийнэ. Хутганы ишийг яс, үйс, сум мод шахаж алаглуулан хийх нь элбэг. Хутганы хуй, иш, ирний ховилыг хээлдэг бөгөөд хээ угалзыг алтаар шарах юмуу, мөнгөөр хөөлгөж хийх нь түгээмэл байдаг байна. Хутганы хажууд хос савх хатгах бөгөөд савхыг хос зандан сухай, жодоо зааны соёо бодын шилбэний ясаар хийж, хутганы хамт ар нуруун талд бүсэндээ хавчуулж явах агаад айлд орохдоо хутгаа бүснээсээ сугалан доош унжуулдаг байна. "Хэрэг зориг юунд вэ, хэт нутаг хаана вэ" гэх хуучны ёсон буй. Уг мэндлэх ёсонд гарч буй хэт нутаг хаана вэ хэмээх нь нутаг орны тухай бус Монгол эрчүүд хэттэй явдаг бөгөөд хэт нь тамгатай байдаг, түүгээр нь аль хошууны хэн болохыг таньдаг хэмээн археологич Д.Эрдэнэбаатар нэгэн ярилцлаганда дурьдаж байжээ. Том, бага хэт хутгыг нэгэн хуйд дүрсэн байвал Монголчууд хос хутга хэмээн нэрлэж заншсан байна. Том хэмжээтэй хутгийг ихэвчлэн ан авд хэрэглэх бөгөөд жижиг хутгыг өдөр тутмын хэрэглээ болон хоол хүнсний зориулалтаар хэрэглэх нь бий. Жижиг хутга нь илүү их гантай болдоор хийгддэг ажээ. Тус музейд 40 гаруй хэт хутга хадгалагдаж байгаа юм. 


Эмээл, хазаар: Дээрх эмээл нь XX зуунд холбогдох мөнгөн хөөмөл хийцтэй,  мод, мөнгө, шир, сур төмрөөр хийсэн эмээл юм. Хүннүгийн үед /МЭӨ III-МЭ I зуун/ эмээл хэрэглэж байсан мэдээ бий. Нүүдэлчдийн хамгийн өргөн хэрэглэж байсан уналгын бол адуу бөгөөд адууны тоног хэрэгсэл улам боловсронгуй болсоор дундад эртний үед эмээл нь урд бүүрэг босоо, ар бүүрэг цалгар уужим, өргөн суудалтай, урт хавтастай болсон нь аян дайнд удаан хугацаагаар морин дээр явахад тохирсон сонгодог хэлбэртэй болсон нь хожим эмээлийн гол үндэс суурь болжээ. 

Дундад зууны үеэс эмээл, дөрөөний загвар, хударга, хөмөлдрөгө зэрэг адууны тоног хэрэгсэл өөрийн гэсэн хэлбэртээ олж, тоног хэрэгслийн тэрхүү хэв шинж нь бидний үед уламжлан иржээ. 

Эмээл нь эмээлийн мод, урд бүүрэг, хойд бүүрэг, олонцог, даруулга чимэг, баавар, хяр, ганзаганы даруулга, хавтас, дэвс, гөлөм, ганзага, дөрөөний оосор буюу сур, дөрөө, тохом, олом, жирэм, оломны арал хэмээх хэсэгүүдээс бүрддэг. 

Эмээлийн урд бүүрэг нь өглөөний наран цухуйн мандаж байгаа хэлбэртэй байдаг учир наран бүүрэг, хойд бүүрэг нь яг шинийн саран шиг  хэлбэртэй тул саран бүүрэг гэж тус тус нэрлэдэг байна. Өөрөөр хэлбэл, урд бүүрэг нэлээн босоо өндөр, хойд бүүрэг нь намхан налуу байдаг байна. Монгол эмээлийн хоёр бүүрэгний дээд ирмэг дагуулан хадахад тохируулж, яс, төмөрлөгөөр хийсэн гоёл чимэглэлийг хяр гэдэг. Хярыг бугын эвэр өнгөлсөн төмөр, ясаар голлон хийж, гоёлын эмээлийн хярыг хээлсэн буюу хөөмөлдөж мөнгө, гууль зэргээр хээ гарган урладаг байна. Хярыг ясан болон төмөр хадаасаар хадаж бүүрэгтэй бэхлэнэ. Эмээлийн хоёр бүүрэгний доорх олом, жирэм, дөрөөний сур, ганзага угсуурга зэргийг оосорлон тогтоодог хавтгай модыг эмээлийн хавтас гэнэ. Үүний доторх ирмэгүүдийг сайн налуу болгох нь малын нурууг нухау гэмтээхээс хамгаалдаг аж. Эмээлийн бүүрэг, хавтасны доод хөндийг эмээлийн хонх гэж нэрлэнэ. Эмээлийн хавтасны дөрвөн үзүүрийн хавтгайг нүхэлж, зөөлөн элдсэн нарийн сурыг сүвлэн тогтоосон оосрыг эмээлийн ганзага гэх ба түүний урт нь 50-60 см урт, 0,5 см өргөн 0,3см-0,4 см зузаан сураар хийнэ. Ганзага нь морины жолоог сойх, чөдөр, тушаа, ташуур, ачаа бараа зэргийг бэхлэх, даруулахад зориулагддаг. Эмээлийн хавтасны дөрвөн үзүүр  хавийн чимэглэлийг баавар гэнэ. Баавар ямар ч хэмжээтэй байж болдог. Баавраар сагалдраганы бэхэлгээг далдлан даруулна. Эмээлийн модон суудлыг зөөллөх зорилгоор хийсэн нимгэн эсгий болон цэмбэн жийрэг бүрээсийг олонцог гэнэ. Харин хүний биеийг холгох, хувцсыг элээхээс хамгаалах зорилгоор хийсэн жижиг гөлмийг эмээлийн дэвс гэнэ. Дэвсийг эмээлийн гөлөмний адил булигаар хивс, шир, зузаан даавуун материалаар хээлж хийдэг байна. 

Монголчууд эмээлийг ихэд эрхэмлэн үзэх ба эмээлийн хонхыг дээш харуулж тавихыг төдийлөн таалдаггүй. Хойд бүүрэг дээр нь босгож тавих юм уу доош харуулан гөлмийг дээр нь тохон эвхэж тавьдаг. Эмээлийг дэрлэж унтахыг цээрлэнэ. Шинэ эмээлийг моринд анх тохоход эцэг хүн юм уу ахмад хүн эдэлж суудаг ёсон буй. Мөн морио эмээллэчихээд уналгүйгээр эмээлээ авахыг цээрлэдэг байна. Зөрчвөл унаа эзэнгүйрэхийг ёрлов хэмээдэг тул заавал мордож ёс хийсний дараа эмээлээ авдаг заншилтай. 

Шинэ эмээл тааруулан тохох үед "Хонхор дүүрэн морьтой, хот дүүрэн малтай, үрээ дүүрээд, үрээгээ хөтлөөд яваарай" хэмээн ерөөдөг байна. Шүдлэн байдас унагалахад шинэ эмээл төхөөрдөг. Газарт тавьсан эмээл зайдалдаггүй ба ихэд цээрлэн үздэг ажээ. 


Энэхүү үзмэр нь Шагдарын зүмбэрлэх аргаар бүтээсэн Монгол эмэгтэйн  төрийн ёслолын  хувцасыг дүрсэлсэн бүтээл юм. Зүмбэр тавих олон арга байдаг. Тэдгээрийн нэгийг дурьдвал, адууны хомоолыг гахайн цөстэй хольж зуурмаг гаргаад сайтар бэлдсэн гадаргуу дээрээ товойлгож урладаг. Сайн тавьсан Зүмбэр цаг хугацаа өнгөрөх тусам улам бэхждэг байна. Тухайн үед сүм хийдийн хан туурга, тавилга зэргийг  зүмбэрлэх аргаар чимэглэдэг байжээ. 

Эмэгтэйчүүдийн гоёл зүүсгэл: XIII зууны Монгол эмэгтэйчүүдийн хувцас өмсгөлийн талаар гаднын жуулчдын тэмдэглэлд "Нөхөрт гарсан эмэгтэйчүүд нь урдуураа задгай энгэртэй, өргөн, газар шүргэсэн ууж өмсөнө. Тэд толгой дээрээ дугуй богтаг хэмээх нэгэн зүйл малгай тавина. Энэ малгай уртаашаа нэгэн тохой орчим саваа буюу холтсоор зүйж хийх агаад дээшээ дөрвөлжирч, доошоо өргөсөх бөгөөд оройд нь нарийнхан алт мөнгөн буюу модон савх эсвэл өв хатгана. Энэ богтагийг мөрөөрөө зүүсэн шилэвчтэй малгайн дээр бөхөлнө. Малгайг тэр чигээр нь бухар даавуу эсвэл багдад торго хоргойгоор өнгөлнө. Эхнэрүүд ийм богтагүйгээр хүний өмнө гарна гэж байхгүй бөгөөд түүгээр нь бусад бүсгүйчүүдээс ялгаж таних ажгуу. Монголчуудын малгай нь бусад хүн ардынхаас өөр учраас сайтар дүрслэн бичихэд бидний чадвар мөхөсдмүй" хэмээн эхнэр хүний хувцас өмсгөл, малгай тэргүүтнийг нэн тодорхой дүрслэн үлдээсэн байна. Тухайн үеийн эмэгтэйчүүд дээлийн гадуур ууж хэмээх задгай энгэртэй богино ханцуйтай хувцас, тэргүүндээ богтаг малгай өмсөнө. Энэхүү малгайг зөвхөн нөхөрт гарсан эмэгтэйчүүд өмсдөг байжээ. Богтаг малгайг ерөнхийд нь 2 ангилах бөгөөд юүлүүр шиг дээрээс доош шувтан хэлбэртэй, эх биеийг нь нарийн хулс, үйс бургасны мөчир буюу төмөр утас сүлжин хийж улиралын байдалд тохируулан торго, хоргой, эсгийгээр өнгөлнө. 


Халх эмэгтэйн толгойн гоёл:  Монгол эмэгтэй нөхөрт гарахдаа үсээ хоёр салаа сүлжиж нутаг нутгийн заншлаар эхнэр хүний гоёлоор гоёно. Төв халхын эхнэрүүд үсээ дэрийлгэн дугуйлж үснийхээ дунд хэсэгт мөнгөн хавчаар угт нь зууван хавчаар зүүнэ. Мөн толгой дээрээ дух руу орсон шүр, сувд зэрэг үнэт чулуу шигтгэсэн алт мөнгөн ган сийлбэрт оройвч тавьж түүн дээрээ малгай өмсөнө. Хоёр тал руугаа дэрийлгэсэн үсэндээ 6-8 мөнгөн хавчаараар хавчиж, туйв буюу мөнгөн гэр рүү үсээ хийж, уулзварт зуууван хавчиг зүүх болжээ. Туйв гэдэг нь үсний үзүүрийг хавчдаг хавчаар бөгөөд энэ нь түүнийг эхнэр хүн гэдгийг илэрхийлдэг байна. Толгойн боолтоос хоёр шанаа руу унжуулсан унжлага чимгийг санчиг гэх бөгөөд 3, 5, 7, 9-н салаа зүүлтээс бүрддэг байна. Халх эхнэр мөн энгэрийн гуу зүүнэ. Энэ нь сахиус шүтээнээ дээдлэн хүзүүндээ зүүж буй хэрэглэл юм. Үүнийг зөвхөн язгууртан эмэгтэйчүүд хэрэглэдэг байна. 


Дарьганга эхнэрийн толгойн гоёл:  Том дөрвөлжин, дүгрэглэжин шүрэн шигтгээтэй, хоёр шанаанаас үргэлжилсэн гурван давхар шүрэн сагалдаргатай, магнай дээрээ ханалж хадсан сувдан тортой, хоёр талаас нь унжсан шүрэн хөөмөл, нэхмэл, хатгамал зэрэг уран сайхны бүтээлтэй цогцолсоноороо онцлогтой. Шүр, оюу, номин, бөнжигнүүр олон сувдан чимэг бүхий унжуургатай, татуур, хавчаар, сүйх, шивэргэл, ар мөрийн гуу, таван шалиг зэргээр гоёж чимэглэдэг.

Таван шалиг нь ихэвчлэн хагас дүгрэг хэлбэртэй, унжсан мөнгөн оосруудаас хавтантай хөөрөг, чихний ухуур, хямсаа, чимхүүр, шүдний чигчлүүр, зүүвч зэргийг таван шалиг бөгөөд таван саваагүй гэж нэрлэдэг бөгөөд энэ нь эмэгтэйчүүдийн ариун цэврийн иж бүрэн хэрэгсэл байжээ. Дарьганга толгойн боолтыг авгай хүний, охидын хэмээн 2 ангилдаг байна.

Авгай хүн нь үс боосон гурван  гууш шигтгээтэй, дээд талдаа хоёр нарийн шүрэн шигтгээ бүхий хавчаартай байна. Чихний тархинаас зүүсэн шүрэн шигтгээтэй, олон шүрэн зүүлт гоёлтой мөнгө зүүсгэлийг сүйх гэдэг байна.

Монгол дархны урлаг нь нэн эртний улбаатай бөгөөд мөнгөний дархны хийц, нийт нүүдэлчид түүний дотор Монгол үндэстний уран бүтээлийн нийтлэг шинжийн сацуу, нутаг орон бүрийн өвөрмөц хийц найруулагаас бүтэж бүрэлддэг. Их бага таван ухааныг өөртөө багтаадаг урлахуйн ухааны дотроос хамгийн нөлөөтэй том нь алт мөнгө, ган сийлбэрийн дархны урлаг юм. Монгол дархны урлаг нь өөрсдийн гэсэн өвөрмөц онцлогийг хадгалсан нутаг хошуугаараа нэрлэгдсэн алдарт сургууль хийцүүд бий болж хөгжсөн байна. 

Дарьгага хийц: Модоор сийлбэрлэх, цаасаар эвхэж хайчлах аргаар үндсэн эх зураг, загварыг зохион бүтээж, зузаан мөнгөн дээр цаасан хэвээр тортогдон, цалин цагаан мөнгөөр хөөн товойлгох давхардуулан сүлжээлэн ухаж, цоолборлон сийлж ухаж, урлан бүтээх маягийг дарьганга хийц гэдэг байна. Энэ хийцэд мөнгө их ордог бөгөөд том том шүрэн болон эрдэнийн чулуун шигтгээтэй буюу гол дүрслэлийг алт өргөн тодруулж урладагаараа нэн онцлогтой төдийгүй ихэс язгууртны тансаг хэрэглээнд ихээхэн хэрэглэдэг байжээ.

Боржигон хийц: Боржигон хийцэд дархны урлагийн бүхий л арга барилыг хэрэглэх боловч гол арга нь хөөмөл цутгуурын арга юм. Боржигон хийцийн мөнгөн хөөмөл, сийлбэрийн ирмэг хөвөөг урлахдаа эвэр, зартиг, хажлах уран сайхны илэрхийллийн аргыг алхам тутамдаа баримтлах ба аяганы ёроолын хүнхэрт үүлэнд умбан хөдөлдөг луу, хэт хутга, бэл бүхий дүрслэлийг оруулдаг байна.

Батноров хийц: Уг хийцийн гол онцлог нь хээний зурлага цохилгоог голдуу эвэр угалз барьж цутгахдаа давтамж хэмийг толин тусгалаар бус харин сөөлжүүлсэн байршлаар сүлжин тиглэдэг байна. Өөр нэг онцлог нь таван лан мөнгөнд нэг лан гууль баримталсан цутгуурын хэвээ “цой” загварт эвэр угалзны эргэлтийн дагуу орон зайн шийдлээр зөвхөн хажиж зааглаж урладаг байна. Мөн хээ чимгээ тал харагдах бус бүтэн нүд дүүрэн харагдах байдлаар урладаг байна.

Далайчойнхор хийц: Энэхүү хийц нь ихэд алдартай, нэрд гарсан ган сийлбэр юм. Ган дээр хээ чимгийг сийлж алтаар цувцайлдаж, мөнгөөр жижүүддэг нь уг сургуулийн хийцийн шийдэл юм. энэ хийцийн сийлбэр нь өнгөлгөө сайтай учир он цаг хэдий элээсэн ч элэгдэж, зэвэрч, муудаж, хат нь хардаггүй нь тухайн хийцийн чансааг, урын онцлогийг тодруулдаг байна.

Ноён сэрвээ хийц: Хуучнаар Балдан засгийн хошуу одоогийн Өмнөговь аймгийн Сэрвэй сумын мөнгөн эдлэлийн хийц мөнгөн аяга нь ихэд алдаршиж, нэрд гарсан байна. Ноён сэрвэйн сургуулийн хийцийн мөнгөн аяга дотор, ёроол хэсгийг их орцтой мөнгөөр хийж, бүдүүн мөнгөн утсаар давхарлан, хаж тавьж битүү бад хээгээр чимэглэн урласан байдаг. Мөн аяганы ёроолыг бусад хийцийн ёроолтой харьцуулахад илүү дэлбэгэр хийдгээс гадна мөнгө түлхүү оруулж өгдөг онцлогтой байна.

Дархдуудын багаж хэрэгсэл: Дархны багаж нь нэр төрлөөр 30 орчим, тоо ширхэгээр 160-аад гаруй бөгөөд зарим дархных бүр 500-600-аад байдаг байна. Монгол дархны багаж дундаас хамгийн эрхмийг нь ноён гурван багаж гэж нэрлэдэг. Үүнд алх, дөш, хайч ордог бөгөөд дархнаас өөр хүн хүрэх ёсгүй нарийн нандин ёс цээртэй байдаг ажээ. Монголчуудын зүйр үгэнд “даага эхдээ ялдам, дархан дөшиндөө ялдам” зүйр үг ч буй юм. 

Холбоотой мэдээ