Тусгай сургууль, цэцэрлэгийг мэргэжлийн арга зүйн төв болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-07-26 10:14:47

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролд илүү анхаарч энэ талын эрхзүйг боловсруулах нь чухал байна. Энэ талаар шинээр томилогдоод байгаа Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод болон үндэсний хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулдаг ерөнхий боловсролын тусгай сургуулийн удирдлагын төлөөлөлтэй уулзах үеэр хөндөв.

Уулзалтын үеэр сургуулийн захирлууд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах тоо жилээс жилд нэмэгдэж байгааг онцлоод, тэгш хамран сургах бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа зүйлийг хөндлөө. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлж, боловсролын оношлогоо, багшийн сэтгэл ханамж, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж сайжруулах талаар ярилаа. Тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр гадаад, дотоодын их сургуулиудад багш мэргэжлээр суралцагчдад сургалтын тэтгэлэг олгох, багш нарыг чадавхжуулах, суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд мэргэжлийн чиг баримжаа олгох зэрэг шийдвэрлэх зүйлийн талаар ярилцав.


БШУ-ны сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулж, төрийн зарим чиг үүргийг чадварлаг, идэвх санаачилгатай ажилладаг мэргэжлийн холбоогоор гүйцэтгүүлэх боломжтой.


Сайд Л.Цэдэвсүрэн тусгай сургууль, цэцэрлэгүүдийг ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах багш нарт мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг загвар орчин, арга зүйн төв болгон хөгжүүлэх, сургууль төгсөж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд мэргэжлийн чиг баримжаа олгодог болох, их, дээд сургуульд суралцах нөхцөлийг бодитоор ханган элсэлтийг нэмэгдүүлэх чиглэл барьж байгаа талаараа ярилаа. 


Монгол Улсад нэн шаардлагатай мэргэжлийн жагсаалтад энэ чиглэлийн багш мэргэжилтэн орсон. Гадаад улсад шаардлага ханган тэнцэж суралцах тохиолдолд сургалтын төлбөрийг төр хариуцах болсыг тэмдэглэн хэллээ.

Мөн сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд мэргэжлийн холбоодоос төлөөлөл оролцуулж, төрийн зарим чиг үүргийг чадварлаг, идэвх санаачилгатай ажилладаг мэргэжлийн холбоогоор гүйцэтгүүлэх боломжтойг онцоллоо. Яам, сургууль, холбоодын ажлын уялдааг тасралтгүй, сайн хангах, хамтарч ажиллах чиглэл, төлөвлөлтөө хэлэлцсэн ач холбогдолтой уулзалт боллоо.


Холбоотой мэдээ