Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга нарын хэргийг анхан шатны шүүхэд буцаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-24 11:17:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн энэ сарын 21-ний хуралдаанаар Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, гишүүн асан Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаав.


Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг энэ оны 5 дугаар сарын 1-нд хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн. Харин прокурор Б.Баярхүү, Т.Оргил-Очир нар хамтран эсэргүүцлийн бичиг үйлдсэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна.


Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, гишүүн асан Ч.Отгочулуу нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд буй юм.


Эрүүгийн хууль:

1.9 дүгээр зүйл.Хууль буцаан хэрэглэх

1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.

2.2 дугаар зүйл.Гэмт үйлдэл, эс үйлдэхүй

3.Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

3.1 дүгээр зүйл.Гэмт хэрэгт хамтран оролцох

1.Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.

3.3 дугаар зүйл.Гэмт хэргийн зохион байгуулагч

1.Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ.

2.Гэмт хэргийн зохион байгуулагчийг тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно.

22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Холбоотой мэдээ