Үерийн даланг сэргээн босгох, шинэчлэх ажлууд хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-07-24 12:09:38

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Онцгой комисс хуралдаж, Зуун мод сумын хэмжээнд үерийн улмаас үүссэн зам, гүүр, даланг нөхөн сэргээх шаардлагатай газруудад нэмэлт далан хоолой шинээр байршуулах шийдвэр гаргажээ. 

Тодруулбал өнгөрөгч сарын 21-нээс хойш хүчтэй аадар бороо үргэлжлэн орж Зуунмод сумын хэмжээнд 9  гэр урсаж, 20 айл үерт  автан, далан шуудуу нурж, дэд бүтцэд ихээхэн хохирол учруулжээ. Тиймээс үерт өртөж хохирол амссан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх эрчим хүчээр хангах. Газар зохион байгуулалтыг хангаж ажиллахыг Газрын харилцаа барилга хот байгууллагын газар, Зуунмод ХҮТ үүрэг өгчээ. Цаашид аадар бороо үргэлжлэн орж үерийн эрсдэл өндөр байгаа тул  урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой байдлын алба хаагчид Энхтайван багийн эвдэрсэн даланг сэргээн засаж, шинэчлэх ажлыг хийж байна.

Мөн сумын ЗДТГ, аймгийн ДЗОУБ болон Говь-Хангай мебель ХХК-тай хамтран 9 айлд гэр олгосон бөгөөд  үерт автсан 20 айлыг шинэ газар нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж байна. Тус сумын ЗДТГ-аас  сэргээн засварлах шаардлагатай ажлуудын төлөвлөөг хэлэлцэж санхүүжилт хүссэний дагуу 17 сая төгрөг аймгийн ЗДТГ-аас шийдвэрлэж өгчээ. Үүний дагуу 200 машин шороо олборлож, 100 гаруй машин шороогоор сумын хойд хэсгээр шороон далан хийж, намагжилт үүссэн гудамжуудаар уулын дайрга асгахаар төлөвлөсөн байгаа гэж сумын захирагчийн албаны мэргэжилтэн С.Мөнх-Амгалан хэллээ.

Нэн тэргүүнд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажил бол тавдугаар багын нутаг дэвсгэр Автотээврийн газраас 1000 айлын дундуур морь барианы газар хүртэл  259 сая төгрөгөөр үерийн далан барих ажлын зураг төсөл гаргаж ажлаа эхлүүлсэн байгааг албаныхан онцоллоо.

 

 

 

Холбоотой мэдээ