Бразилын Ерөнхийлөгч дахин шинжилгээ өгчээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-07-22 13:31:07

БРАЗИЛИА. /CNN/. Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару коронавирусний шинжилгээний хариугаа энэ сарын 7-нд "эерэг" буюу халдвартай гарснаас хойш хоёр дахь удаагаа шинжилгээ өгчээ.


Ж.Болсонару Ерөнхийлөгчийн ордны өмнө цугласан дэмжигчдэдээ мягмар гарагт ийнхүү мэдээлсэн бөгөөд түүний хэлсэн үгийг “Facebook” хуудсаар нь шууд дамжуулан үзүүлжээ. Амны хаалт зүүж, дэмжигчдээсээ зайтай зогссон тэрбээр шинжилгээний хариугаа ойрын хугацаанд гарна гэж хэлсэн байна.


“Миний өгсөн шинжилгээний хариу маргааш өглөө юм уу үдэд "сөрөг" гарч, амьдралын хэв маяг маань хэвийн үргэлжилж эхэлнэ гэж найдаж байна. Энэ бүхэн биелбэл би баасан гарагт Пиауи мужийг зорино” гэж Ерөнхийлөгч хэлжээ. Тэрбээр зүүн хойд нутгийн тус мужид очиж, захирагчидтай уулзахаар төлөвлөж байгаа ажээ.


Ж.Болсонару дэмжигчидтэйгээ мэндчилэхийн тулд сүүлийн дөрвөн өдөр дараалан үдийн үед ордноосоо гарч буй нь энэ юм. Хэт барууны үзэл баримтлагч Ерөнхийлөгч өмнө нь долоодугаар сарын 15-нд коронавирусний шинжилгээний хариугаа дахин эерэг гарсан талаар мэдээлсэн юм.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Бразилд өнөөдрийн байдлаар халдварын 2159654 тохиолдол бүртгэгдэж, 81 мянга гаруй хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ