А.Амбасэлмаа: Коронавирусээр халдварлаад эдгэрсэн иргэдээс дахин халдвар илэрсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварлаад эдгэрсэн иргэдээс дахин халдвар илэрсэн тохиолдол дэлхийн улс орнуудад гарч байна. Монгол Улсад ч мөн ийм тохиолдол илэрснийг ЭМЯ-ны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А. Амбасэлмаа өнөөдөр мэдээлсэн юм.
Тодруулбал, коронавирусний халдвар авч, эмчилгээ хийлгээд эдгэрсэн 213 хүний 22-23-д нь давтан шинжилгээгээр дахин вирус илэрсэн талаар тэрбээр хэлсэн юм. Үүнийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тайлбарлахдаа, "Бид халдвар авсан иргэдийг ажиглалт тандалтад байлгаж байна. Бусад улс оронд эмнэлзүйн шинж тэмдэг арилаад 3 өдөр дараалан шинж тэмдэг илрэхгүй бол эмнэлгээс гаргаж байгаа. Харин манайд сувиллын ажиглалтад 14 хоног байлгаж, 2 удаа шинжилгээ авч байгаа. Ийм учраас эмнэлгээс эдгэрээд гарч буй хүн бусдад халдвар тараахгүй. Үүнд иргэд, олон нийт айж эмээх зүйлгүй" гэсэн юм.
Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн халдвартай тохиолдлыг эмнэл зүйн удирдамжийн дагуу эмчилж байгаа бөгөөд эмчилгээ үр дүнтэй болж буйг тэрбээр онцолсон юм.
С.Туул