Ц.Бат-Өлзий: Булган аймаг 3,5 сая мал өвөлжүүлэхээр тооцож хадлан бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-07-21 15:27:32

Булган/МОНЦАМЭ/. Булган аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзийтэй уулзаж мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах, хадлан тэжээл бэлтгэх талаар ярилцлаа.

-Наадмын маргааш намар гэдэг. Намрын нэг чухал ажил хадлан бэлтгэлийн талаар ямар арга хэмжээ авч эхэлж байна вэ?

-Манай аймгийн хэмжээнд энэ жил 3,5 сая мал өвөлжих байх гэж тооцож байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор 3,6 сая мал тоологдсон. Энэ хавар 1,1 сая толгой төл бойжуулсан мэдээ байна. Олон жилийн дунджаар тооцож үзэхэд жилд нэг сая малыг айл өрх болон малчдын дотоодын хэрэгцээ болон зах зээлд борлуулдаг юм. Тэгэхлээр гурван сая гаруй мал өвөлжих байх гэж тооцож байна.

Мал сүргийн тоо толгойгоор тооцож 88,0-90,0 мянган тонн хадлан бэлтгэж өвөл, хавартаа малдаа тавьж өгдөг. Энэ жилийн хувьд энэ хэмжээний өвсний хэрэгцээ байна гэж үзэж тооцож байгаа. Аймаг болон сумын аюулгүйн нөөц гэж тооцож гэж тодорхой хэмжээний өвс тэжээл бэлтгэдэг.


Аймагт 300, суманд 100 тонн өвс нөөцөлнө гэж үзэхэд аймгийн хэмжээнд 2000 орчим тонн өвс бэлтгэнэ. Хүчит тэжээлийн хувьд Засгийн газрын тогтоолоор аймагт 50, суманд 30 тонны нөөцтэй байлга гэж шийдвэр гаргаж үүрэг өгдөг. Нийтдээ 530 тонн хивэг, тэжээл нөөцлөх зайлшгүй шаардлага байгаад байна.

Энэ жил байгаль, цаг уурын хувьд онцлог хавар, зун өнгөрч байна. Өмнөх жилийн зун дүндээ хур тунадас бага орсон, намар нойтон цас бага унаж, газарт чийг болж өвөлжиж хаварждаг нөөц чийг тааруухан байлаа. Хавартаа цас бага орлоо. Хаврын  сүүл,  зуны эхэн сар хур бороо бага байлаа. Маш их гандуу байсан.


Манай аймгийн урд зүгийн тал хээрийн бүсийн сум болох Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Гурванбулаг сум, Бүрэгхангай, Могод сумын урд талын нутгаар маш их гандуу, газар нэлээд халцгайрсан. Ийм байдалтай зунтай золгосон. Хавар нэлээд урт болж, ногоо ургахгүй байснаас хамаараад мал махан тарга хүч авч чадсангүй. Ялангуяа малын махан тарга авах чадамж сүүлийн үед маш их сул боллоо. Долоодугаар сарын эх, дундаас хойш бороо орж мал өөхөн тарга авах төдийхнөөр таргалж, тэр нь өвлийг давах тарга хүч болж чадахгүй байна.

Малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд байгаль, цаг агаар, уур амьсгалын өөрчлөлтөөс хамаараад мал маллах арга ухаанд шинэ шинэ шаардлага урган гарч байгаа. Үүнийг ч гэсэн мэргэжлийн байгууллага, судлаачид малчид болон бэлчээр ашиглагчдад зөвлөж байна. Малчид ч нөхцөл байдлыг мэдрээд ер нь уламжлалт урд өмнө хэрэглэж байсан мал аж ахуйн үйлдвэрлэлийн арга маань болохоо байж байна гэдгийн мэдэрч байх шиг байна.

-Зуншлага хэт оройтсон. Газрын гарц хадлан хадах хэмжээнд хүрээгүй байх шиг байна. Өвсний хэрэгцээг хангах зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч байна вэ?

-Одоогийн байдлаар газрын өнгө сайхан, алсаас харахад ногоон байгаа хэдий ч гэсэн ургамлын өндөр маш бага байна. Манай аймгийн хойд зүгийн ойт хээрийн буюу хангайн бүст ургамал их өндөр ургадаг. Энэ нутгаар л гэхэд цаг уур, орчны шинжилгээний байгууллагын гаргасан мэдээгээр нэг га газарт 1-2 центнер ургацтай байгаа юм. Тал хээрийн бүс гэдэг өмнө зүгийн суманд газрын гарц хадлан болон бэлчээрийн ургамал тодорхойлох хэмжээнд хүрч ургаагүй байна. Энэ жилийн хувьд орж байгаа хур тунадас газарт шингэхгүй усархаг аадар бороо асгаж, үер бууж урсаад байгаа. Бороо зүсэрч сайхан намираа хэлбэрээр орохгүй байна.

-Тэжээлийн нөөц бүрдүүлэх талаар ямар арга хэмжээ авах вэ?

-Хадлангийн талбай элбэг байхгүй байна. Хадлан авах газар нь ургамал тачир, унац бага байх нь гэж бодоод бидний урьд жилүүдэд бэлтгэдэг 88,0 мянган тонн хадлан бэлтгэхэд хадлангийн талбай дутагдах юм байна. Хаврын тариалалтын өмнө газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд чиглэл өгсөн. Нийт тариалж байгаа талбайн 10,0 орчим хувьд ногоон тэжээл тариал гэсэн. Энэ тэжээлийг мал аж ахуйн бизнес эрхэлж байгаа хүмүүс малчдад борлуулахыг зөвлөсөн. Ингэж байж мал аж ахуйн өвөл, хаврын өвс тэжээлийн нөөцийн тодорхой хэсгийг газар тариаланчдаар бэлтгүүлэх чиглэл өгсөн. Тариаланчид маань ногоон тэжээлийн тариалалтад анхаарч байгаа.


Цаашдаа ч гэсэн тариалж байгаа талбайн тодорхой хэмжээнд болон өнжөөж байгаа тариалангийн талбайд сэлгээний журмаар ногоон тэжээл тариалж мал аж ахуйг газар тариалангийн үйлдвэрлэлтэй хослох хамтран дэмжих хэлбэр рүү орох нь зохистой юм. Байгалийн хадлангаар өвс тэжээлийн хэрэгцээг хангаж чадахгүй гэж үзэж байгаа.

Хойд талын бүсийн Баян-Агт, Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Хангал, Орхон сум өөрийн хэрэгцээт хадланг нутаг дэвсгэрээсээ бэлтгэчих байх. Урд зүгийн тал хээрийн найман сумын мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангаж өвс хадлангийн нөөцтэй болгох нь нэлээд тулгамдсан асуудал болоод байна.


Өвөлжилтийн бэлтгэл хангах аймгийн Засаг даргын албан даалгавар гаргаж сумдад үүрэг чиглэл өгч, малчид халгай, лууль, шимт ургамлаар гар тэжээл сайн бэлтгэх, мөн зах зээлийн арилжааны шугамаар өвс худалдаж авах гэрээ хэлэлцээ хийх үүрэг өгч байна. Аймгийн удирдлага хадлангийн нөөцтэй Сэлэнгэ аймагтай урьдчилсан байдлаар хэлэлцээр хийж байна. Хадлангийн талбайн нөөц гаргах, өвс бэлтгэж, манай аймагт борлуулах талаар санал тавьж байгаа. Сэлэнгэ аймаг хадлангийнхаа ургацын байдлыг харж байгаад хэлэлцээр хийе гэсэн хариу ирүүлсэн. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангахад сайн анхаарахгүй бол болохгүй байна. Малчид ч энэ талаар их ярьж байна. 

Холбоотой мэдээ