Коронавирусээр 13 сая 885 мянган хүн халдварлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-07-17 12:18:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий нийтэд коронавирус 13 сая 885 мянган хүнд халдварласнаас 8.2 сая хүн эдгэрчээ. Харин 591 мянган хүн нас барсан талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл тус яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр онцлов.


Дэлхий нийтэд өнгөрсөн 24 цагын дотор 226 мянган хүн шинээр коронавирусний халдвар авч 5 мянга гаруй хүн эндсэн байна. Энэ нь энэ сарын 15-нынхаас 11 мянгаар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд нас баралт ижил түвшинд байна. Тодруулбал, Бразилд 45 мянга, Энэтхэгт 32 мянга, Өмнөд Африкт 13 мянган хүн шинээр коронавирусний халдвар авсан нь хамгийн өндөр үзүүлэлттэй гурван орны тоонд оржээ. ОХУ-д 6 мянга 428 хүн шинээр халдвар авч 167 хүн эндсэн бол, манай улстай хил залгадаг Буриад, Тува, Читэд өвчлөл өмнөх өдрийхөөс 35-45 хүнээр нэмэгджээ. АНУ-ын 39 мужид тохиолдлын тоо өсөж  24 цагын дотор 67 мянган хүн шинээр корона вирусны халдвар авсан нь цар тахал гарснаас хойш хамгийн олон хүн халдвар авсан өдөр болжээ. Үүний улмаас тус улсын эмнэлэгийн ор хүрэлцэхгүй болж, зочид буудлуудыг эмнэлгийн тусламж үйлчилгээнд шилжүүлэх арга хэмжээ авч байгаа аж.


ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Франц улсад гадаад болон дотоод орчинд хүн бүр амны хаалт зүүх ёстой гэсэн шаардлага тавьж эхэлсэн. Мөн Америкын томоохон сүлжээ дэлгүүрүүд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байх  дүрэм журмыг баримталж байна. Европт 1000 гаруй залуу сайн дураараа тамхинаас гарах хөдөлгөөнийг өрнүүлж коронавирусээс сэргийлж биеэ бэлтгэж байхад манай ард иргэд сонор сэрэмжээ огтхонч сулруулж болохгүй” хэмээв.


О.Сэрүүнээ

Холбоотой мэдээ