“Таван баялаг” малын зах цогц үйлчилгээ нэвтрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-15 19:58:45

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төвд "Таван баялаг” малын зах байгуулснаар энэ оны зургаадугаар сараас эхлэн тогтмол үйл ажиллагаа явуулж буй. Энэхүү малын зах нь иргэдэд цогц үйлчилгээ үзүүлэх зорилгоор нядалгааны байр, малын эмийн сан, хөргүүр, зоорь, малын хашаа,  зоогийн газар зэргийг орчин үеийн стандартын дагуу шинээр тохижуулжээ.

Улмаар мал төхөөрөгч, малын дотор гэдэс цэвэрлэгч, тогооч, үйлчлэгч, манаач зэрэг 10 хүнийг ажлын байраар хангаж байна. Цаашид үйл ажиллагаа нь жигдэрснээр 20 хүнийг ажлын байраар хангах боломжтой аж.

Тус захын хамт олон энгийн ба хагас, бүтэн үйлчилгээ үзүүлж байна. Тодруулбал, нэг мал төхөөрөх, махыг жижиглэхэд 4000 төгрөг, гулууз хийхэд 7000 төгрөгийн ханштай бол малын дотор гэдэс цэвэрлэх, толгой, шийр, өвчүү хуйхлах, хүнсэнд хэрэглэхэд бэлэн болгох зэрэг бүтэн үйлчилгээ 20 мянган төгрөг. Мөн хагас үйлчилгээ буюу малын дотор гэдэс цэвэрлэх, хүнсэнд бэлтгэхэд 15 мянган төгрөгийн ханштай байна. Түүнчлэн энгийн үйлчилгээ буюу малын дотор гэдэс цэвэрлэх ажлыг 10 мянган төгрөгийн үнэ ханшаар гүйцэтгэдэг байна.

Тус зах өглөө 05:00 цагт ажиллаж эхэлдэг бөгөөд хөдөөгийн малчид эрүүл ахуйн шаардлага хангасан, гарал үүслийн бичигтэй бог, бод малаа худалдаалах боломж бүрдүүлжээ.

Одоогийн байдлаар “Таван баялаг” малын зах дээр хонь \амьд\ 200-220 мянган төгрөгийн үнэ ханштай байна. 

Холбоотой мэдээ