Дорнод аймгийн нийт нутгийн 30 хувь гандуу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-07-15 15:26:59

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нийт нутгийн 30 хувь нь гандуу байна. Тодруулбал, Матад сумын баруун урд хэсэг, Мэнэнгийн тал, Халхгол сумын Ялалт баг, Буйр нуур, Баянтүмэн сумын зарим нутгаар бороо хур бага оржээ. 

Энэ зун Халхгол сумын нутаг Буйр нуур, түүхэн дурсгалт газруудыг зорих дотоодын аялагчдын хөдөлгөөн нэмэгдэж байгаа учир онцгой анхаарал хандуулах шаардлагатай байгаа юм. Тиймээс холбогдох байгууллагууд Халхгол, Матад сумдын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангиудын бэлэн байдалд үзлэг хийж, зөвлөмж өгөх, орон нутгийн чанартай авто зам дагуух постуудад анхааруулах зөвлөмжийг байршуулан, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, гандуу нутагт нутаглаж буй малчин өрхүүдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч байна. Мөн Буйр нуурын эрэг орчим үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, амралтын газруудын хог хаягдлын цэг болон галын аюулгүй байдалд үзлэг хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, дээрхи бүс нутгийн голын усны түвшин нэмэгдэж байгаа тул иргэдэд сэрэмжлүүлгийг давтамжтайгаар өгөх зэргээр ажиллаж байгаа аж. 

Холбоотой мэдээ