ДЭМБ-аас улс орнуудыг 4 ангилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nandintsetseg@montsame.gov.mn
2020-07-14 13:32:27
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-аас коронавирусний нөхцөл байдалтай уялдуулан улс орнуудыг 4 ангилах болжээ. Энэ талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл тус яамны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр онцлов.


Нэгдүгээрт нөхцөл байдалд өндөр сонор сэрэмжтэй байсан орнуудыг багтаажээ. Эдгээр орон вирусний эхний тохиолдол бүртгэгдэж эхлэнгүүт үр дүнтэй арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлсэн бөгөөд үүнд гол төлөв Номхон далайн эргийн орнууд багтаж байна. Хоёрдугаар нөхцөл байдалд хүн амын хүчтэй манлайллыг хослуулан ард иргэдтэйгээ хамтран цар тахлыг хяналтандаа авч байгаа орнуудыг багтаажээ. Үүнд европын зарим орнууд багтаж байгааг  ДЭМБ-ын ерөнхий захирал мэдээлжээ.


Гуравдугаар нөхцөл байдалтай байгаа орнууд дэгдэлтийн эхний оргил үеийг амжилттай давсан боловч хязгаарлалтаа хэтэрхий эрт сулруулсан орнууд багтаж байна. Энэ ангилалд багтсан улсууд хяналтаа сулруулсны улмаас халдвар дахин тархаж, эмнэлэгийн орнууд дүүрч, ачааллаа дийлэхгүй байгаа аж. Дөрөвдүгээр нөхцөл байдал буюу дэгдэлт эрчимтэй тархаж байгаа улс оронд Америк, Ази, Африкийн хэд хэдэн улс хамаарч байна. Энэ нь вирусний үеийн дэг жаягыг дагаж мөрдөөгүйгээс болсон байна. Хэрвээ цар тахал энэ янзаараа үргэлжилвэл бид эргээд хэвийн амьдралдаа орж чадахгүй гэдгийг ДЭМБ-ын ерөнхий захирал мөн онцолсон байна.


Коронавирус халдвар дэлхийн 216 улс орон нутаг дэвсгэрт бүртгэгдэж 13сая 214 мянган  хүн өвчилж 574 мянган хүн нас баржээ. Одоогоор 7.6 сая хүн эдгэрч эмнэлэгээс гарсан бол 4.9 сая хүн эмчлүүлж байна. Тухайлбал, ОХУ-д 24 цагийн дотор 6537-оор нэмэгдэж, 104 хүн нас баржээ. Манай улстай хил залгаа Буриад, Тува, Читэд өмнөх өдрөөс 36-45 хүнээр нэмэгдсэн байна.


Манай улсын хувьд ажиглалтад шинээр 109 хүн орсон бол 24 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор ажиглалтанд нийтдээ 2794 хүн байна.


О.Сэрүүнээ

Холбоотой мэдээ