Монголын түүхэнд хамгийн олондоо мянган морь уралдаж байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
192@montsame.mn
2020-07-13 17:18:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Түүх сөхвөл манай улсад хурдан морины уралдаанд хамгийн олон нь мянга гаруй морь уралдаж байжээ. 

Энэ талаар хурдан морь судлаач, Монгол Улсын СГЗ А.Баярмагнайгийн хэлснээр, XIX зууны үед хурдан морьдын уралдаанаар их морь гэж их насны, дунд морь гэж соёолон, бага морь гэж хязаалан гэсэн 3 насны морьдыг уралдуулдаг байжээ. 1899 оноос жороо морь болон азарга нэмэгджээ. Тухайн оны наадмаар хамгийн их буюу 261 жороо морь уралдаж байсан түүхтэй аж.

Хамгийн олон хурдан морьд уралдсан нь Монголын хурдан морины уралдааны түүхэнд бидний мэдэж буйгаар 3 тохиолдол байдгийн нэг нь Ламын гэгээний хоёрдугаар дүрийг тодруулж наадам хийхэд мянган морь уралдаж Арвай хээр түрүүлж байжээ.


1963 онд Төв аймгийн 40 жилийн ойн наадмаар 1154 хурдан морь уралдаж байжээ. Бүр ойрын жишээ гэвэл Ламын гэгээн Лувсанданзанжанцаны 360 жилийн ойгоор, 2003 онд 1003 хурдан морь бүртгэгдэн уралджээ. Энэ нь зөвхөн их насны хурдан морьдын уралдаан байжээ. 

Цаашлаад 1951 онд, Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор 712 хурдан морь уралдаж байжээ. Барианд 690 гаруй морийг барьж байсан түүхтэй аж. 1955 оноос Улсын баяр наадмаар хурдан морины нас насанд цөөн морь уралдах болсон байна. Хамгийн цөөн гэвэл 99 азарга уралдаж байжээ.


Түүх сөхвөл Монголын хурдан морины уралдаанд хамгийн олон түрүү магнайлсан нь Богд гэгээний Түмэн хээр алаг гээг морь Даншигийн наадамд 6 түрүүлж байжээ. 1899 онд соёолон насандаа, 1902 онд их насанд торгон жолоо өргөн, 1908 он хүртэл түрүүлж зууны манлай хүлэг болж байжээ. Энэхүү өргөмжлөл одоо Богд хааны музейд хадгалаастай байна. 




Холбоотой мэдээ