Ш.Батцэцэг: Монгол, Куба эдийн засгийн идэвхтэй харилцаа руу шилжих боломж бүрдсэн

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2020-07-10 13:21:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Уг ойг тохиолдуулан Монгол Улсаас Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэгтэй хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.


-Та хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй үед Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. Хэдийгээр үүрэгт ажлаа хүлээн аваад удаагүй байгаа ч түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээх эхлээд төлөвлөсөн олон ажил байгаа болов уу?


-Хавана хотод ирээд 4 сар болж байна. Хэдийгээр томоохон цар хүрээний ажил амжуулахад богино ч том зорилгодоо хүрэх чимхлүүр ажлаа эмхлэх боломжийн хугацаа байлаа.


Элчин сайд С.Лувсан Куба улсыг хавсран суухаар томилогдож БНКУ-ын Ерөнхийлөгч Освальдо Дортикос Торрадод Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсаны дараа


Шинээр эхлүүлж байгаа биш, харин уламжлалт харилцаа тогтоод нэгэн жаран өнгөрсөн, олон сайхан ахмад дипломатууд хувь нэмрээ оруулсан суурин дээр ирсэн нь ажлаа төлөвлөхөд их нэмэртэй байлаа. Ирснийхээ дараа цаашид хийх ажилдаа бэлтгэн судалгаа хийж, гартаа болон оюундаа шаардлагатай дата баазтай болоод авсан. Дээр нь өнгөрсөн 60 жилийн хоёр талын харилцаагаа судалж, тэмдэглэл хөтлөн баримтжуулсаар “Найрамдлын нэгэн жаран” хроник номын эхээ бэлтгэж, саяхан дууслаа. Энэ номоо Монгол, Кубын дипломат харилцааны 60 жилд зориулж гаргана. 


Элчин сайд Г.Багаа БНКУ-ын Ерөнхийлөгч Освальдо Дортикос Торрадод Итгэмжлэх жуух бичгээ барьж байгаа нь


Судалсан хүн мэдээж өөрийнхөө түвшинд бололцооны дүгнэлт хийнэ. Бодлогын судалгааны салбарт мэргэшсэн минь ч үүнд их тус боллоо. Ингээд дүгнэлт, судалгаан дээрээ суурилсан хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөтэй  болсон. Одоо энэ дагуу ажиллаж эхлээд байна.


-Гол төлөвлөж байгаа ажлаасаа дурьдвал?


-Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн нэг жарны хугацаанд манай хоёр орны найрсаг харилцаа цэцэглэн хөгжиж ирсэн түүхэн уламжлалтай. Түүхээс харахад хоёр талын харилцаа төдийгүй  НҮБ, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, 77-ийн бүлэг зэрэг олон талт хамтын ажиллагааны хүрээнд ч хамтран ажиллаж, харилцан бие биенээ дэмжиж ирсэн байдаг.


Өнгөрсөн хугацаанд боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, биеийн тамир спорт болон аялал жуулчлалын салбар манай хоёр орны харилцаанд тэргүүлэх байр эзэлж ирсэн байна. 

Хэдийгээр Улс төрийн тогтолцоо, засаглалын хувьд ялгаатай ч Кубын Үндэсний Ассамблейгаас 2014 оны 3 дугаар сард Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлан батлан хамгаалахаас бусад бүх салбарт гадаадын хувь хүн, хуулийн этгээд нээлттэй, чөлөөтэй ажиллах боломжийг нээсэн төдийгүй, хоёр орны уламжлалт харилцааг илүү нээлттэй, эдийн засгийн идэвхтэй харилцаа руу шилжих боломжийг бүрдүүлээд байна. 


Ирэх жилүүдэд хэд хэдэн чухал асуудалд анхаарлаа хандуулахаар төлөвлөөд байна. Монгол Улсын гадаад харилцаанд тодорхой хувь нэмэр оруулах ажил хийхсэн гэсэн туйлын хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдөн ажиллах болно. Гол анхаарах асуудал бол хоёр талын харилцааг улам бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн утгаар баяжуулах, иргэд хоорондын харьцаа руу чиглүүлэх явдал. Үүний зэрэгцээ мэдээж улсаа давхацсан сурталчилах, Монголын талаарх мэдээллийг Латин Америк, Карибын бүс нутгийн олонд хүргэх асуудал тун чухал байгаа. 


Эхний хэсэгт, Кубын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, гадаад худалдааг эрчимжүүлэх, эскпортыг нэмэх, импортыг орлуулах бүтээгдэхүүний үйлвэрлэлийг хөгжүүлэх, шинэ, шилдэг технологи нэвтрүүлэх, ажлын байрыг нэмэх зорилгоор эдийн засагтаа ихээхэн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг эхлүүлж байгаа. Энэ түүхэн шилжилтийн үед миний бие тус улсад суух 18 дахь Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдсон. Томилогдон ирсэн хугацаа маань хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой давхцсан нь цаашдын харилцааны түүхээ Куба улстай олон салбарт баяжуулах хэрэгцээ шаардлагаа тодорхойлох боломж олгоод байна. Иймд хоёр улсын уламжлалт харилцаанд эдийн засгийн үр нөлөөг нэмэх, улмаар улс хоорондын худалдааны эргэлтэд нөлөөлөхүйц үйл ажиллагааг эрчимжүүлж, Кубын Эдийн засгийн хамтын ажиллагааны агентлаг, Кубад шинээр бий болоод байгаа “Мариелын эдийн засгийн хөгжлийн тусгай бүс” төсөлд анхаарлаа төвлөрүүлэхээр зориод байна. “Мариелын эдийн засгийн хөгжлийн тусгай бүс” нь бараа бүтээгдэхүүнийг Латин Америк, Карибын тэнгис, Нэгдсэн Улс, Мексик рүү гарах бүрэн боломжтой, хуучин ЗХУ-ын цэргийн бааз суурилж байсан далайн боомтыг ашиглан байгуулсан, байршлын хувьд нэн тааламжтай газар байгаа юм.


Манай улс Кубатай 1963 оноос хойш боловсролын салбарт тасралтгүй хамтран ажилласаар ирсэн. Одоогийн байдлаар Кубын Засгийн Газрын тэтгэлгээр суралцаж төгссөн монгол оюутны тоо 140 орчимд хүрээд байна. Кубад төгссөн мэргэжилтнүүд улс орондоо амжилттай сайн ажиллаж байгаа. Мэдээж хоёр орны боловсролын салбарт гаргасан амжилтыг улам бүр дээшлүүлэхийн төлөө ажиллахаас гадна шинээр эрүүл мэндийн салбарын харилцааг хөгжүүлэх асуудал манай улсын хувьд чухал байгаа. Одоо энэ ажлыг эхлүүлэх цаг нь болсон. 


Куба нь 11 сая хүн амтай бөгөөд эрүүл мэндийн гол шалгуур болсон нярайн эндэгдэл 1000 төрөлтөд 4.3 хувьтай байгаа нь тус улсын эрүүл мэндийн салбарын хөгжил харьцангуй сайн байгааг илтгэдэг. Тус улс нь хүн амаа эрүүлжүүлэх хөтөлбөрөө хамгийн амжилттай хэрэгжүүлж чадсан улс. Кубын эрүүл мэндийн бодлого, хүн амыг эрүүлжүүлэх тогтолцоо, төлөвлөлтийн давуу талаас бид суралцах хэрэгтэй. Нөгөө талаар эрүүл мэндийн салбартаа биотехнологийг амжилттай суурьшуулж байгаа улс бол яалт ч үгүй Куба. Манай улсаас өнгөрсөн хугацаанд хийсэн өндөр, дээд түвшиний айлчлалуудад Кубын Биотехнолгийн хүрээлэнд хийсэн уулзалт, яриа хэлцэлүүд чухал байр суурийг эзэлсэн байдаг. Кубаас чихрийн шижин өвчний хөлний шархлааг эмчлэх “Хэбэрпрот-П” тарианы хяналт, эмчилгээний арга зүй, Гепатит С вирусийн эмчилгээнд зориулсан “Heberon Alfa R” тариа, сахуу, татран, хөхүүл ханиад, Гепатит-В, Хемофилус-В зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх “Heberpenta L” вакцин, менингитээс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй “MENGOC-BC” вакцин, Гепатит В болон Дельтаг эмчлэх “NASVAC” хамрын цацлага зэрэг Монголд шаардлагатай эмийн бүтээгдэхүүнийг Кубаас хямд өртгөөр нийлүүлэх боломжийг судлах, цаашид бодит ажил хийх шаардлагатай байгаа. Хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны салшгүй нэг хэсгийг биотехнологийн салбарт түшиглэн хөгжүүлж чадвал хоёр улсад хоёуланд нь харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ талбар бий болох боломжтой.


Дараагийн хэсэгт, манай хоёр улс газар зүйн байршлын хувьд алслагдмал учир хоёр орны иргэд хоорондын мэдээллийн урсгал, хүртээмж, солилцоо сул байгааг анхааралдаа аваад байна. Кубыг тойрсон Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын мэдээлэл, харилцааны техник технологи өндөр хөгжөөд байна. Ирсэн цагаас эхлээд үүнийг илүүтэй мэдэрч байгаа. Тухайлбал, Мексик, Колумби зэрэг улсын мэдээллийн технологийн үйлдвэрлэл дэлхийд Хятадын дараа ороод ирлээ. Эдгээр улсууд мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь эдийн засагтаа шууд үр нөлөө үзүүлэх хэмжээнд хүрээд байна. Дэлхийн нийтээрээ мэдээллийн зууны давуу байдлыг ашиглан харилцаагаа улам бүр тэлж байна. Бид хамтдаа тийш тэмүүлэх ёстой. Одоогийн байгаа нөхцөл байдалдаа сэтгэл ханамжгүй суух биш харин боломжид суурилсан эрэл хайгуул хийснээр хоёр орны иргэд хооронд мэдээллийн урсгалыг бий болгохыг зорих ёстой. Энд л бид улсаа сурталчилах өргөн боломжтой. Иймээс бид испани, англи, португал, орос болон итали хэлээр мэдээллээ түгээдэг, өдөрт дунджаар 240 шахам хуудас мэдээлэл гадагш цацан 60 гаруй мянган уншигчдад хүргэдэг, сардаа 1.8 сая уншигчдыг мэдээллээр хангадаг, латин америк, карибын тэнгисийн орнууд, цаашлаад дэлхийн улс орнуудтай холбогдох гүүр болсон ПРЕНЗА ЛАТИНА хэвлэлийн байгууллагатай нягт холбоотой ажиллахыг зорьж байна. Бид сонголт хийснээр хамгийн зөв мэдээллийн урсгал руу орох  ёстой. Тэнд л бид улсаа илүү сайн хүртээмжтэй сурталчилж чадна. 


Сурталчилгааны хэсэгт бид уламжлалт урлаг, соёлын арга хэмжээнээс гадна Монголын “НҮҮДЛИЙН СОЁЛЫН ӨРГӨӨ” гэр ажиллуулахаар төлөвлөөд байгаа. Индонезид Монголын Соёлын суурин төв байгуулсан туршлага надад бий. Одоо суурин биш нүүдлээр ажиллах түүх соёл, урлагаа сурталчлах гэр өргөө ажиллуулахаар зорьж байгаа. Энэ бол нэг удаагийн хөрөнгө оруулалтаар хязгаарлагдахгүй тасралтгүй үргэлжлэх төсөл юм. Мэдээж Элчин сайдын яам сурталчилгаа, мэдээллээр хангах, түүх, соёл, урлагаа нүүдлийн байдлаар кубын орон нутаг, Хавана хотын дүүргүүдэд ээлжлэн таниулж, кубачуудад монгол ахуй соёлоо нүдээр харж, гарт баригдахаар танилцуулах боломж олгох нь чухал гэж тооцоод байна. Кубын өнөөгийн байдал, улс төрийн тогтолцоо, засаглалын хэлбэр нь ч нүүдлийн соёл урлагийн сурталчилгааг хийхэд их тохиромжтой юм. Улмаар энэ төрлийн үйл ажиллагааг кубын сайн дурын ажилтнууд ч цааш үргэлжлүүлээд аваад явах боломж харагдаж байгаа. Бид харин хүмүүсээ бэлтгэж сургах шаардлагатай. Хийх ажил маш их байна. 


-Монголчууд Кубын тухай, куба хүмүүсийн тухай эерэг ойлголттой байдаг. Суугаа улсынхаа тухай хамгийн гоё мэдээллийг цөөн өгүүлбэрт багтаан хэлбэл?


-Куба орны байгалийн тухай Кристофер Колумб энэ нутагт анх хөл тавиад “...хүний нүдээр харж болох хамгийн үзэсгэлэнтэй газар...” хэмээснийг би их таалдаг. Судсаар нь эх оронч, баатарлаг, тэвчээр хатуужлын эд эс эргэлдсэн, нээлттэй, цоглог, бас ичимхий, даруу ч хөөрүү энэ сайхан ард түмэн, архитектурын холимог хэв загвараараа гоёсон хотуудыг би мартахааргүй оюун санааны мухартаа үлдээсэн учир хоёр орны харилцааг улам тэлсэн бодитой ажил заавал хийнэ гэсэн бодол тэмүүлэлтэй сууж байгаа. 


“Найрамдлын нэгэн жаран” ном

Холбоотой мэдээ