Сонгуулийн тойрог байгуулах асуудлыг өнөөдөртөө багтаж шийдвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-05-12 19:28:48

УИХ-ын чуулганы хуралдаан эхлээд нэг цаг болж байна. Хуралдаанаар Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох  тухай СЕХ-ны саналыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ Сонгуулийн ерөнхий хороог татан буулгах хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, "Монгол төрийг Үндсэн хуулийн бус аргаар авах гэсэн арга хэрэгжүүллээ. Зах хязгаарын аймгуудыг эзгүйрүүлэх бодлого явууллаа" гэсэн юм

УИХ-ын гишүүн Ж.Отгонбаяр, “Тойрог хувааж байгаа зарчим сонгогчийн эрхийг бүдүүлэг зөрчсөн үйлдэл болж байна. Эзэн Чингисийн нутаг гээд 3 мандат хуваарилдаг юм бол Чинван Ханддоржийн нутгийн мандатыг булаагаад авдаг нь яаж байгаа юм, Жанжин Сүхбаатарын нутгийн мандатыг булаадаг нь яаж байгаа юм. Ийм зарчмаар тойрог хуваарилаж болохгүй. Би аргагүйдэж нэг мандатаа булаалгасан тул өдөр хэвлэлийнхэнд хандсан. Өнөөдөр монголын ард түмэн хараад сууж байгаа. Дөрвөн жил ард түмний амьдралыг самарлаа. Одоо сонгуулийг самрах нь л дээ. Тиймээс санал хураалтад миний бие оролцохгүй” гэлээ.

УИХ-ын гишүүн Су.Батболд, "Бид өнгөрсөн 25 жилд олсон ололтоосоо ухарлаа. Сонгууль болохоос нэг сарын өмнө буюу өнөөдөр тойргоо хуваарилаж байна. Ийм байдал руу түлхсэн буруутан бол өнөөгийн эрх баригчид. Монгол төрийн тогтвортой байдлыг ийм байдлаар яаж хангах юм бэ. Сонгуулийн үр дүн хэрхэн хангагдах бол гэдэгт эргэлзэж байна. Төрийн эрхийг хууль бусаар авах гэж байна. Бидэнд алсын хараа алга. Өнөө маргаашаа л харж байна. Зөв зам руу оруулах эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсохгүй байна" гэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Хийсэн бүтээсэн ажлаа тайлагнаад, тойргоосоо сонгогдооч дээ. Манайд нэг мандаттай гэж ярих хэрэг байна уу. Тойргийнхоо 3000 хүнээс сонгогдоод гар л даа. Гурван мянган хүнээс санал аваад сонгогдвол сонгогд, чадахгүй бол болих хэрэгтэй” хэмээсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, “Хүн бүр өөрийн тойрог бий болгож, өөрөө болоод манай намын гишүүн гарах магадлалтай гэсэн зарчмаар ажиллаж болохгүй” гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “АН-ынхан ийм балмад үйлдэл хийж байгаад харамсаж байна. АН өөртөө тохируулж тойрог байгуулаад ялалт бүрдүүлнэ гэвэл худал шүү. Та нарын төлөө санал өгдөггүй иргэдийг шийтгэж байгаа юм шиг харагдаж байна. Та нарт угаасаа ичих булчирхай байдаггүй л дээ. Ер нь шулмын төрхтэй болж байна шүү. Ийм хуудуутай юм хийж байхаа болиоч" гэхэд УИХ-ын гишүүн О.Содбилэг, "Эрх барьж байгаа хүмүүс сонгуулийн үр дүнг шийдэхгүй шүү. Хүн ам, засаг захиргааны нэгжээ харж тойрог байгуулах атал хүч түрсэн байдлаар асуудлыг шийдэж байна. Ард түмэн харж байгаа" гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

УИХ-ын дарга З.Энхболд, "Одоо 19:07 минут болж байна. Цаг сунгаж хуралдан, хэлэлцэж буй асуудлаа дуусгая" гэсэн ба үг хэлж буй гишүүдийн намын гишүүнчлэлийг харвал МАН-ын бүлгийнхэн голчлож байна. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Туул

 

Холбоотой мэдээ