Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэл гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-07-08 16:04:35

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нарт хандан мэдэгдэл гаргасан байна.  

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан баяр наадмыг зохион байгуулах хорооны 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан ‘’Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах түр журам‘’ –ыг үндэслэн эл мэдэгдлийг гаргасан ажээ.

Мэдэгдэлд баяр наадмын өдөр эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйлдвэрлэсэн хоол /хуушуур, шорлог, хорхог, боодог/ хүнс, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахгүй байх. Мөн баяр наадмын төв талбайн орчинд хүнсний худалдаа, үйлчилгээний цэг салбар үйл ажиллагаа явуулахгүй болохыг 01/452 албан тоот мэдэгдэлдээ чиглэл болгон өгчээ.

Энэхүү  шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаагүй нөхцөлд Монгол Улсын төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авах ажээ.  

 

Холбоотой мэдээ