“ЖИ ТАЙМ”-ын шүүх хурал хойшлов

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-07-08 13:27:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “ЖИ ТАЙМ” сүлжээтэй холбоотой гэмт хэргийн шүүх хурал энэ сарын 17-ны 09.00 цаг хүртэл хойшиллоо.


Уг шүүх хурал өнөөдөр 09:00 цагт эхэлсэн ч шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцаж дуусаагүй, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхболдоос шүүх хуралдаанд гэрч, шинжээч оролцуулах хүсэлт гаргасныг хүлээн авсан юм. Мөн улсын яллагч М.Очбадрахаас гаргасан саналыг үндэслэн шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгт Монгол Улсын хилээр гарах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авлаа.


“Жи тайм корпорейшн” ХХК нь 11 мянга 398 иргэнд 25 тэрбум 801 сая 303 мянга 770 төгрөгийн хохирол учруулсан байх магадлалтай бөгөөд уг хэрэг нь 586 хавтастай 11 мянга 398 хохирогчтой тул шүүх хуралдааны танхимд хохирогчдыг бүрэн оролцуулах боломжгүй байгаа юм. Тиймээс шүүхийн тамгын газраас шүүх хуралдааныг иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулан хохирогч нарт шүүх хуралдааны явцыг “Шүүхийн мэдээ” пэйж хуудсаар шууд дамжуулан хүргэв.


Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан /Залилах / гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны тавдугаар сарын 13-нд хүлээн авсан юм.

Холбоотой мэдээ