Чингис хааны амьдралын тухай шинэ сэжүүрийг Австралийн судлаачид олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2020-07-06 18:43:40

КАНБЕРРА. /ABC/. Чингис хааны амьдралын ихэнх хэсэг нууцлаг хэвээр байгаа боловч Австралийн судлаачид Монголын байлдан дагуулагчийг өвлийн улирлаа хаана өнгөрүүлдэг байсныг тогтоосон байж магадгүй байна.


Чингис хаан 1162-1227 онд амьдарч байсан бөгөөд дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан юм. Австралийн Үндэсний их сургуулийн доктор Жак Феннерээр ахлуулсан баг Япон, Монголын судлаачдын хамтарсан багийн олон жилийн турш малтлага хийж буй Аврага хэмээх газраас илрүүлсэн амьтны яс, шүдэнд радио-карбон шинжилгээ хийжээ.


Японы археологич Нориюки Ширайши тус газрыг Чингис хааны өвөлжөө байсан байж магадгүй хэмээн таамаглаж байсан бөгөөд “Archeological Research in Asia” сэтгүүлд нийтэлсэн Ж.Феннерийн судалгаа уг таамаглалыг дэмжсэн байна. “Цаг хугацааны хувьд Чингис хааны амьдарч байсан үетэй тун ойролцоо байсан” гэж Ж.Феннер “ABC” сувагт мэдээлжээ. Гэвч радио-карбон шинжилгээгээр тогтоосон хугацаа олон арван жилийн зөрүүтэй гарч болзошгүй байдаг байна.  


Ж.Феннерийн мэдээлснээр, Чингис хааныг амьдарч байх үед анх тус газрыг эзэлж, хэдэн арван жилийн дараа орхин явсан байх магадлалтай ажээ. "Археологичид тухайн газраас Чингис хаантай холбоотой эд зүйлийг хараахан олоогүй байгаа тул нэмэлт судалгаа хийх шаардлагатай" гэж тэрбээр нэмж хэлжээ. 

Холбоотой мэдээ