Энэтхэг, Хятад маргаантай бүсээс цэргээ татжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-07-06 15:52:08

ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Энэтхэг, Хятадын тал хилийн маргаантай газар нутаг болох Ладакх холбооны нутаг дэвсгэрийн Галван голын хөндийгөөс цэргээ харилцан татжээ.


“Маргаантай бүсээс Энэтхэг, Хятадын цэргүүдийг татсан. Гэхдээ цэргүүдийг зөвхөн Галван голын хөндийгөөс гаргасан. Энэтхэг, Хятадын цэргүүдийн хооронд завсрын бүс байгуулсан” гэж NDTV телевиз эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжилсан байна.


Эх сурвалжийн мэдээлснээр, талууд мөн хилийн бүсэд босгосон түр байгууламжуудыг буулгаж, Энэтхэг, Хятадыг заагладаг хяналтын шугамаас цэргүүдийг холдуулж байгаа аж. Гэхдээ цэргүүдийг хэдэн км-ийн зайтай холдуулахыг эх сурвалж тодорхой дурдаагүй байна.


Цэргүүдийг зургадугаар сарын 30-нд хийсэн уулзалтын үеэр хүрсэн тохиролцооны дагуу татжээ. Уг уулзалтад Энэтхэгийн хуурай замын цэргийн 14 корпусын командлагч, генерал Хариндер Сингх, Хятадын Ардын чөлөөлөх армийн Өмнөд Шинжааны цэргийн тойргийн командлагч, генерал Лю Лин нар оролцсон байна. Талууд гуравдугаар сарын 6-наас хойш гурав дах удаагаа уулзсан нь энэ юм.


Тавдугаар сарын эхээр Энэтхэг, Хятадын 250 орчим цэрэг оролцсон мөргөлдөөн болсны дараа Ладакх дахь байдал хурцадсан юм. Мөргөлдөөний үеэр хоёр талаас 100 гаруй хүн гэмтжээ.


Холбоотой мэдээ